ЯрилцлагаБоловсролFocus

Д.Сүрэнчимэг: Сонгогдож ажилладаг улс төрийнхнийг бид сургадаггүй

Монгол Улсад орчин цагийн төрийн албаны сургалтын тогтолцоо бүрэлдэн тогтсоны 100 жилийн ой энэ 2024 онд, түүхэн үйл хэрэг эхэлсэн цаг хугацаа энэ 04 дүгээр сард тохиож байгаа юм. Тиймээс бид тус академийн түүх, төрийн албан хаагчдаа сургах бодлого зэргийг тодруулж Удирдлагын академийн захирал, доктор, дэд профессор Д.Сүрэнчимэгтэй ярилцлаа. 2020 оны 07 дугаар сард Удирдлагын академийн 21 дэх захирлаар томилогдсон тэрээр сургуулийнхаа анхны эмэгтэй захирал нь. Боловсролын хувь, “хувьсгал”ын бүх шатны байгууллагыг тэргүүлж ажилласан түүний туршлага, үзэл хандлага ч мөн анхаарал татав.  

Орчин цагийн төрийн албан хаагчдын чадвар чадавх, хандлага нэлээн өөр түвшинд яригдах байх. Төрийн албан хаагчийг бэлтгэдэг, сургадаг байгууллагын тухайд ямар бодлого, чиглэл барьж байна вэ?

-1921 оны хувьсгалын дараагаас улс орноо авч явах хүмүүсийг сургахын тулд тухайн үеийн намын удирдлага шилдэг залуусыг цуглуулан сургаж улс даяар илгээхээр 1924 оны 04 сарын 01-ний өдөр шийдвэр гаргаж 68 залууг цуглуулан, 04 сарын 05-ны өдөр анхны хичээлээ орсон түүхтэй. Ингэж Монгол төр албан хаагч, удирдагчдаа бэлтгэх тогтолцоог бүрдүүлж эхэлснээс хойш 100 жил болж байна. Удирдлагын академи гэж нэрлэгдэх болсон нь 1999 он юм.

Манай академийн багш, судлаачид төрийн алба хашиж, түүнийг ур ухаанаараа залж байгаа үйлийг бүхлээр нь “Улсаа урлах” гэж нэрлэж болохоор байна гэж дүгнэсэн. Тэгэхээр энэ жил манай улсыг урлах хүмүүсийг бэлтгэх орчин цагийн тогтолцоо бүрдэж эхэлсний 100 жил гэж бид харж байна. Энэ 100 жилийн түүхэнд академи маань Намын түр сургууль, Нам, улсын төв сургууль, Эдийн засгийн дээд сургууль, Улс төрийн дээд сургууль, Төр, нийгэм судлалын академи, Удирдлагын хөгжлийн институт гэх зэргээр нийт 12 удаа нэрээ сольсон байна. Өөрчлөлтүүд нь дандаа тухайн үеийнхээ нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэхээр хийгдсэн гэж болно.

Удирдлагын академийн 100 жилийн түүхийг гурван хэсэгт хувааж болохоор байгаа юм. Эхний 40 өөд жилд төрийн албан хаагчаа сургаж хөгжүүлэх хэлбэрээ янз бүрээр хийж үзэж дээ гэхээр баримт бий. Дараагийн 30 гаруй жилд улс орон нэлээд тогтвортой хөгжсөн, нэг намын системтэй үе байж,

түүндээ тохирсон бүтэц бий болгосон үе байв. Зөвхөн намын боловсон хүчин биш улс орныг удирдах аж ахуй, эдийн засгийн боловсон хүчнийг бэлтгэж байсан.

Харин сүүлийн 30 жилд нийгмийн тогтолцоо солигдсоноос хойш сургалтын хөтөлбөр янз бүрийн хэлбэрээр өөрчлөгдөж ирсэн. Энэ цаг хугацаанд бизнесийг удирдах хүмүүсийг бэлтгэх үүргийг Удирдлагын академи манлайлж гүйцэтгэжээ гэж харахаар байгаа юм.

2017 онд өөрчлөгдөн батлагдсан Төрийн албаны тухай хуульд Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллагатай байна гэж заасан. Хуулийн дагуу 2019 оны 01 сарын 01-ээс манай академи төрийн албан хаагчдыг сургах, хөгжүүлэх, давтан сургах, төрийн албанд ажиллах сонирхолтой хүмүүсийг бэлтгэх чиглэлтэй сургууль болж өөрчлөгдсөн. Ийнхүү шинэ хуулийн дагуу 2019 онд 3500 төрийн албаны хаагчийг сургасан бол 2020 онд томилогдоход тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртээмжийг өсгөх даалгавар өгч 4 жилд багадаа 46.000 төрийн албан хаагчийн сургах үүрэг хүлээсэн. Манай багийнхан боломжуудыг эрэлхийлж хичээсний дүнд 2023 оны дүнгээр энэ даалгаврыг бараг гурав дахин их буюу 125.000 давсан албан хаагчийг сургалаа. Нэг жилийн дотор 96.000 төрийн албан хаагчийг олон төрлийн сургалтдаа хамруулсан бодит үр дүнд бид хамтдаа хүрээд байна.

Бид төрийн албаны сургалтын байгууллагын хувьд нэгд, төрийн албан хаагчийг сургаж, давтан сургах, хоёрт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх, гуравт, төрийн байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэсэн үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

ШИЙДВЭР ГАРГАДАГ, СОНГОГДОЖ АЖИЛЛАДАГ УЛС ТӨРИЙНХНИЙГ БИД СУРГАДАГГҮЙ

Тэгэхээр Удирдлагын академи төрийн албаны бүх албан хаагчийг хамруулан сургана гэсэн үг үү?

-Хуулиараа бид төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн тусгай, төрийн захиргааны албан хаагчдыг сургах эрх зүйн орчинтой. Гэтэл төрийн албан хаагчдыг төрийн улс  төрийн, төрийн захиргааны, төрийн үйлчилгээний, төрийн тусгай гэж ангилдаг.

Хуулиараа бид шийдвэр гаргадаг, сонгогдож ажилладаг төрийн улс төрийнхөн болон шийдвэрийг иргэдэд хүргэхэд шууд тулж ажилладаг төрийн үйлчилгээний ангилалд багтдаг төрийн албан хаагчдыг сургадаггүй. Орон нутаг, баг хороо, дүүрэг, нийслэл аймаг сум гээд бүх салбарт улс төрийнхөн сонгогдож ажилладаг 4.000 орчим төрийн албан хаагч энэ ангилалд багтдаг.

Төрийг төлөөлөх талаасаа удирдагчийн сурах хэрэгцээ өндөр. Тэдний гаргасан шийдвэрийг төрийн үйлчилгээний салбарынхан хэрэгжүүлж иргэдэд хүргэдэг. Ингэхээр төрийн албаны сургалтын байгууллага төрийн бүх албан хаагчдад хүрч үйлчлэх талаас харах хэрэгцээ бий.

Засгийн газар үүнийг олж харан 2023 оны намар 303 дугаар тогтоол гаргаж засаг захиргааны анхан шатны нэгж багийн удирдлагуудыг сургах тогтолцоог бүрдүүлэх даалгавар өгсөн. Бид үүнийг судалж, тодорхой ажлуудыг хийж байна. 4 сарын 25-ны өдөр энэ чиглэлээр олон улсын форум зохион байгуулна.

“ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН ТОО ХАРИН Ч БУУРСАН”

Төрийн албан хаагчид бол өөрийнхөө хүн ёсны зарим эрхээсээ татгалзаж байж төрд алба хашдаг. Тэгэхээр төрийн албанд ажиллахаар сэтгэл шулуудсан бол энэ талаасаа хувь хүнийхээ хувьд шийдвэрээ гаргасан байх ёстой болно. Улс төрийн албан хаагчдын хувьд бол өөр. Сонгуулиар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж итгэл хүлээж сонгогддог. Тэдний гаргасан шийдвэрийг иргэдэд хүргэдэг нь төрийн үйлчилгээний албан хаагчид.

Зарим улс орнуудын туршлагаас харахад төрийн үйлчилгээний албан хаагчийг төрийн албан хаагчид хамааруулдаггүй. Төрийн албан хаагчийн тоо олон байна, өслөө гэх гомдол гардаг. Төрийн үйлчилгээ бол хүн хаана байна тэнд бий болж байдаг алба. Алтан гахай жилд төрөлт эрс нэмэгдэж түүнийг дагаад эмч, багш, сургуулийн эрэлт өссөн. Энэ үеийнхнийг сургуульд ороход зарим ангиуд гурван ээлжээр хичээллэх болсныг бид мэдэж байгаа. Төр данхайлаа гэдэг шүүмжлэлийн цаад шалтгаан нь энэ. Манай төрийн үйлчилгээний ажиллагсад 150 мянга давдаг. Гэтэл үнэн хэрэгтээ төрийн захиргааны ам бүл энэ хугацаанд өсөөгүй, харин ч буурсан. Хүн хаана байна үйлчилгээ авах тэр дундаа төрийн үйлчилгээ авах хэрэгцээ үүсч байдаг.

Хүний амьдралынхаа цагийг өнгөрөөдөг хоёр дахь газар гэдгээр ажлын байр тух тохитой авсаархан, энгийн болж байна. Зарим нь бүр оффис ч үгүй хэрнээ дэлхийг хэрэн ажиллаж байна. Сургууль, сургалтын орчны өөрчлөлтийг ч энд хэлж болно. Тэгвэл төрийн байгууллагын ажлын нөхцөл, байр хэрхэн өөрчлөгдөх хэрэгтэй бол, эсвэл шаардлагагүй юу?

-Байгууллага бол хүнтэй л адил амьд. Цохилох зүрхтэй, ой санамжтай. Хаа нэгтээ хэн ч мэдэхгүй жижиг асуудал гарахад үр дагавар нь явсаар байгаад огт өөр газраар гарч ирдэг. Байгууллага бол нээлттэй. Хэн ч орж болдог. Ямар ч мэдээллийг түгээж бас болно. Энэ утгаараа байгууллага бол нээлттэй тогтолцоо гэж хэлж болно.

Тэгвэл яг ийм утгаараа хүн юу вэ? Дээрх санаатай харьцуулахад хүн бол харьцангуй хаалттай бас нэг тогтолцоо. Гэхдээ байгууллага хэмээх нээлттэй тогтолцооны дотор оршин байж үйл ажиллагаагаа явуулдаг. Байгууллагыг илүү зөв ажиллуулъя гэвэл байгууллага хэмээх нээлттэй тогтолцооны дотор байгаа хүн хэмээх хаалттай системүүдийг нээх явдал. Тэр утгаараа хүнээ зорилгын зүг рүү л харуулах нь чухал юм. Байгууллагын соёл өөрөө нээлттэй байж ингэж өөрчлөгдөнө. Технологийн компаниуд үүн дээр манлайлаад байгааг бид хардаг.

Ажилтнууд ажиллах орчиндоо сэтгэл зүйн хувьд хэдий чинээ тайван, нээлттэй байна тэр хэмжээгээр амжилттай ажилладаг.

Хичээл сургалтын үед суралцагчид хэдий чинээ сэтгэл санаагаараа тайван чөлөөтэй байна, төдий чинээ ярьж байгаа зүйл дотогш ордог. Ийм учраас би Удирдлагын академид ирж ажилласнаас хойш багш нараа сургалтын үед өмсөх ажлын футболк, бомбертой ч юм уу хичээлээ зааж өөртөө тухтай байх байдлыг бий болгохыг зорьсон. Энгийн байдал дэлхий нийтийн хувьд үнэ цэнтэй болж байна даа.

              “ӨӨРЧЛӨГДӨХ БОДЛЫН ТҮЛХҮҮР НЬ СУРЪЯ ГЭХ БОДОЛ”

Хүн хэдийд өөрчлөгддөг вэ гэхээр би өөрөө өөрчилье гэдэг бодол төрөх үед л өөрчлөгддөг. Түүнээс хэчнээн сайн дарга тэр байгууллагад очоод нэмэргүй. Би өөрөө өөрчилье гэсэн бодол төрөхгүй л бол хүчлээд хийгдэх ажил биш. Тиймээс төрийн албаны сургалт бол би үүнийг ингээд өөрчилье, эсвэл өөрчлөгдье гэсэн бодол төрүүлж тэр бодолдоо хөтлөгдөн өөрчлөлт хийгдэж байхаар зохион байгуулагдах ёстой санагддаг.

Тэгж өөрчлөгдөх бодлын түлхүүр нь харин “суръя даа” гэж бодох явдал. Төрийн албаны сургалтын байгууллагыг удирдаж байгаагийн хувьд тэр хүмүүст “суръя даа” гэсэн бодол төрүүлэх ёстой гэж боддог. Төрийн албан хаагчдад суръя даа гэдэг хүсэл бий. Гэхдээ тэр хөшүүрэг нь зөв байна уу гэдэг нь чухал. Энэ сургалтад суугаад ийм сертификаттай бол албан тушаал дэвших боломжтой гэдэг сонирхол нь хөшүүрэг болбол асуудалтай. Тиймээс бид төрийн албаныханд “суръя даа” гэсэн бодол төрж түүнийхээ хойноос хөөцөлдөхөөс аргагүй нөхцөлд хүргэх талаас сургалтын систем хийхээр ажиллаж байна.

Монгол улс төрийн албан хаагчдаа сургахад бусад улс оронтой харьцуулахад маш боломжтой. Манай улс төрийн 4000 гаруй л байгууллагатай. Хүнийхээ хөгжил дээр суурилсан үйл ажиллагаа, үр дүн болгочиход л болохоор санагддаг.

Манайд их дээд сургуулийн багш, гүйцэтгэх түвшний ажилтан, оюутнууд голдуу эмэгтэйчүүд. Гэтэл яг шийдвэр гаргах түвшинд дийлэнх нь эрэгтэйчүүд. Зарим их дээд сургуулийн удирдах алба, эрдмийн зөвлөл дан эрчүүдээс бүрддэг. Харин танай сургууль үүнийг өөрчилсөн байна. Боловсролын салбарын, тэр дундаа төрийн албаны сургалтын байгууллага ингэж өөрчлөгдөж байгаа нь том үлгэр болов уу. Энэ өөрчлөлтийг хэрхэн хийсэн бэ?

-Ер нь бидний өөр өөр төрсөн байдал нь өөр нөхцөл рүү аваачдаг нь, нөгөө талаасаа хүйсийн хувьд ялгаатай байдал нь бидний өнөөдрийн өргөн хүрээнд ярьдаг жендэрийн асуудлыг гаргаж ирдэг. Эмэгтэй хүн бол байгалиасаа хүүхэд төрүүлдэг, аливаад дэс дараалалтай, нягт нямбай ханддаг. Эрэгтэйчүүд асуудлыг өргөн томоор харж, хөгжил хөдөлгөөн дунд нь сэтгэдэг. Энэ бол бидэнд төрөхөд л байдаг ялгаа.

Хэрэв эмэгтэй хүн эрэгтэйчүүдтэй ижил байх ёстой гэж үзвэл дутаад байгаа тэр чадварт л суралцах ёстой гэж боддог “муйхар” хүн дээ би. Бодит байдал ийм болохоор бид хүсээд авч чадахгүй, хусаад арилгаж чадахгүй тухай ч ярьдаг.

Тэгэхээр хэрэв эмэгтэй хүн ялгаатай байдлаасаа үүдэн өөр байна аа гэж харж байгаа бол дутуу гээд байгаа хэсгээ хүсч байгаа түвшиндээ хүргэж хөгжих хэрэгтэй санагддаг. Тэрнээс гомдоллолоо гээд юу шийдэх вэ?…  Энэ бол бодит үнэн. Төрийн албаны сургалтын байгууллагыг удирдаж байгаа хүн байж жендэрийн хувьд харалган юм ярьлаа гэх хүн бий байх. Гэхдээ чадвар нь хүрэхгүй байлаа ч эмэгтэй хүн учир гэсэн шийдвэр гаргах хүн хэд бол доо. Хатуу ч үнэн болох эрэгтэйчүүдийн чадаад байгааг чаддаг болж байж тэдэнтэй гүйцэж зэрэгцэж ирнэ. Харин эмэгтэйчүүд үүнийг хүлээн зөвшөөрч эрэгтэйчүүдийн энд хүрч ажиллахын тулд илүү ихийг золих хэрэгцээ гардаг нь бодит байдал.

Сурч мэдсэн болон бусад нөхцөлүүд нь бүрдсэн байхад боломжийг тэгш олгохгүй байгаа бол энэ асуудал. Удирдлагын академийн хувьд бидний яриад байгаа ийм боломжийг бүрдүүлсэн, ийм чадварыг өөртөө цогцлоосон байдал харьцангуй давуу байсан гэж би хардаг. Тиймээс тэр боломжийг л бодит ажил болгосон. Манай академийн захирлын энэ зөвлөл зургаан хүнтэй, гурав нь эмэгтэй. Нэгжийн удирдлагуудын маань тоо 16, хүйсийн харьцаа нь 50:50. Эрдмийн зөвлөл 21 гишүүнтэй байх хуультай болсон. Өмнө нь 15 гишүүнтэй байхад намайг ирэхэд хоёр нь л эмэгтэй байсан. Өнөөдөр бол 53:47. Гэхдээ энэ хүн эмэгтэй учраас зөвлөлд оруулна гэсэн зарчим бариагүй. Энд ажлын шаардлагад тэнцэх чадвартай хэрнээ гарч ирж чадаагүй эмэгтэйчүүдэд  боломж олгосон гэсэн үг.

Ийм нөхцөл өөр байгууллагуудад ч бий. Тиймээс бид эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг дунд шатны ажилтнуудын дунд буюу хамаг ажлыг нуруун дээрээ үүрдэг эмэгтэйчүүд рүү чиглүүлж санаачлан хэрэгжүүлээд байна. Манлайллын хөтөлбөрт энэ онд 106 эмэгтэй хамрагдснаас шилдэг 10 нь сурснаа ажил дээрээ хэрэгжүүлээд үр дүнгээрээ шалгарч Солонгосын орон нутгийн төрийн албан хаагчдыг сургадаг байгууллага болох ЛОГОДИ-д богино хугацааны сургалтад хамрагдаад ирлээ. Энэ хөтөлбөрийг бид жил бүр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төрийн албан хаагчид гадагшаа сургалтад явахаар зарим нь шагнал маягтай ойлгох тохиолдол бий. Тиймээс үзэж харснаа ажилдаа, салбартаа нэвтрүүлж хэрэгжүүлэхийг үүрэгжүүлэн ажиллаж байна.

100 жилийн түүхтэй энэ сургуулийн анхны эмэгтэй захирал нь та. Таны намтартай танилцахад цэцэрлэгээс их сургууль, компаниас ОУ-ын байгууллага гээд олон талбарт олон ч ажил хийсэн байна. Их сургуулийн тэнхимийн эрхлэгчээс хүнсний сүлжээ дэлгүүрт очиж ажилласан түүх бас сонирхол татлаа.

-Би боловсролын салбарын хүн, мэргэжил маань. Залуу байхад амьдралд маань тохиолдсон үйл явдал гэх үү, найзын маань надад ойлгуулсан зүйл гэх үү, би боловсролд өөрчлөлт хийх ёстой юм байна гэсэн бодолд хүргэсэн юм. Тийм учраас боловсролын сургалтын бүх түвшний зовлон жаргалыг мэдэх хэрэгтэй гэж бодож, тэр бүх түвшинд ажиллаж үзсэн.

20-иод жилийн өмнө найз маань “Сүрээ чи одоо багшлахаа боль. Чиний сургасан хүмүүс амьдралд юу хийж байгааг мэдрэхийн тулд манай компанид ирж ажилла” гэсэн найзын маань үг намайг хийж байгаа ажлаа өөрөөр харахад хүргэсэн.

Тэнхимийн эрхлэгч би өөрийгөө супер багш гээд бодчихсон явсан үе. Шууд л эрс “Үгүй” гэж хариулахдаа насан туршдаа багшаар ажиллах мэт санагдаж байлаа. Харин тэр жилдээ би өөрийнхөө хийж байгаа ажлыг өөрөөр харж “Би яг юу хийгээд байна” гэж өөрөөсөө олонтоо асуусан.

Тэгээд нэг жилийн дараа найз дээрээ би өөрөө очиж компанид нь гүйцэтгэх захирлаар ажиллах боллоо. Тэр маш ухаалаг, хатуу хүн л дээ. Тиймдээ ч энэ компанийг 30 гаруй жил өдий зэрэгтэй авч яваа байх. Гэтэл “чи ажлаа мэдрэхийн тулд Сансрын түнэлийн 24 цагийн салбар дэлгүүрт хоёр долоо хоног худалдагч хий” гээд намайг явуулчихаж билээ. За тэгээд тэнд бараа зөөгөөд, арчиж цэвэрлээд шөнө хонож ажиллалаа. Нэг өдөр манай оюутнууд дэлгүүрийн лангууны цаана хоорондоо ярьж байна аа. Энэ Сүрэнчимэг багш мөн л байх шиг байна даа. Худалдагч болчихсон юм байх даа гэцгээгээд. Хөөрхөн, ирээд шууд мэндлээд асуухаас санаа зовоод байсан байх.

Ингэж би найзынхаа хүнсний сүлжээ дэлгүүрийн сургалтын албыг хариуцаж,  С түвшний цөөнгүй ажлын байруудад сэлгэн ажиллаж хоёр жил болсон. Ер нь сургалтын албатай анхны хувийн компани байсан шүү. Манайд сурсан хүнийг хаана ч ажилд дуртай авдаг байлаа.

Тэр үед би миний их сургуульд дөрвөн жил заадаг онол, хичээлүүдээ яаж хүнд хүргэх ёстойг ойлгосон. Салбараа бүтнээр нь мэдэх хэрэгтэйг ч ойлгосон. Ингээд 2006 оноос найзынхаа хувийн цэцэрлэгийг байгуулахад нь тусалж, зэрэгцүүлээд Удирдлагын академид докторантурт суралцсан. Дараа нь өнөөдөр заасныг маань сургалтын танхимаас гараад шууд хэрэгжүүлж болох агуулгыг бусдад хүргэхийн тулд сургалтын хувийн байгууллага байгуулж ажилласан даа.

Яг одоо эргээд харахаар СӨББ, их дээд сургууль, ЕБС-ын багш гэд хүсээд зориод ирсэн бүхэнд үнэгүй зөвлөж, хүүхдийнхээ сургуулийн багш нартай хамтран ажиллаж, сүүлд боловсролын салбарын мэргэжлийн байгууллага /БМДИ/-ыг толгойлж ажиллаж байлаа.

“БАГШИЙН ЗААСАН АГУУЛГА СУРАЛЦАГЧИЙН СЭТГЭЛД АМИЛЖ, БАГШ ТҮҮГЭЭР АЖИЛЛАЖ АМЬДАРДАГ”

Таны оюутнуудын 25 жилийн өмнө өөртөө өгч байсан амлалт, мөрөөдөл нь гар бичмэлээрээ таны өмнө үдээтэй байна. Ийм олон захиаг их нямбай үдэж хадгалжээ. Багш хүний бахархал, дурсамж юм даа.  

-Сая та бүхэнтэй уулзахаас өмнө үүнийгээ сөхөж үзлээ. Би багш байхдаа нэгдүгээр ангийн оюутнуудад “Та оюутан боллоо. Энэ дөрвөн жилийн хугацаанд юу хийх вэ” гэх зэргээр оюутнуудаараа мөрөөдлийг нь, мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрт нь амлалт авахуулж бичүүлдэг байсан.

Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш Мухит 25 жилийн өмнө миний 1а ангийн оюутан байсан байна. 1999 оны 10 сарын 05-ны өдөр даалгавраа ингэж бичээд хийж байж. Зуун жилийн дөрөвний нэгээр тоологдох хугацааны дараа бид хамтрагчид болж. 25 жилийн дараа академийнхаа 100 жилийн ойгоор Мухит багшид бэлэг болгож бичсэн ажлыг нь өгөхөөр бэлдлээ.

Хууль, сэтгүүл зүй, хэлний ангийн оюутнуудын маань өөрийнхөө тухай бичиж байсан захианууд энд бий. 259 захиа байсан байх шүү. Тэд өнөөдөр бүгд улс орныхоо хэрэгцээт газарт эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа. Саяхан нэг гоо сайхны газар орсон чинь араас нэг бүсгүй дагаж орж ирээд “Багш аа сайн байна уу. Таны оюутан байсан Баасанцэцэг байна. Миний амьдралд дурсамж үлдээсэн цөөн багшийн нэг нь багш та шүү” гэж билээ. Тэр оюутны бичсэн нь ч бас энд байна. Төрсөн өдрөөр нь өгнө өө, хэ хэ. /инээлээ/

Багш хүний амьдрал, бахархал, гавьяа ийм л байдаг. Багш гэдэг ажил хүний хувь заяагаар хэмжигддэг гэж би боддог. Тиймээс багшид алдах эрх байхгүйн зэрэгцээ хийж байгаа бүхэн нь ганц өнөөдрөөр дуусахгүйг бодож байх үүрэгтэй мэт санагддаг. Багшийн заасан агуулга суралцагчийн сэтгэлд амилж түүгээр ажиллаж амьдардаг. Тиймээс багш муу байж болохгүй. Бас уйтан хүрээгээр асуудалд хандаж болохгүй гэж боддог. 

Сэтгүүлч Д.Даваадулам 

“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб.                                                                                           

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close