НийтлэлБСҮХХБЗЭдийн засагОнцлох

Замын-Үүдийн Автозамын боомтыг дулааны улиралд 24 цагийн горимд шилжүүлэх нь эдийн засагт эерэг үр дүн авчирна

Монгол Улсын өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний 70 гаруй хувийг татан төвлөрүүлдэг Замын-Үүд боомт дээр ачаа тээвэр саатаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг нь нууц биш. Тэгвэл эл асуудлыг шийдэх нэг гарц бол Замын-Үүд боомтын ачаа тээврийн хэсгийг байнгын 24 цагийн үйл ажиллагаанд шилжүүлэх юм.

Өнгөрөгч онд Замын-Үүд автозамын боомтыг 24 цагийн горимд шилжүүлэх туршилт явуулах ажлыг БНХАУ-ын боомтын удирдлагуудтай тохиролцож, 2023 оны арванхоёрдугаар сарын 16-31-ний өдрүүдэд туршилтын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн. Монгол Улс автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг анх удаа 24 цагийн горимд шилжүүлсэн туршилтын хугацаанд шөнийн тээвэр буюу 18-08 цагийн хооронд нийт 1348 автомашин нэвтэрсэн нь ковидоос өмнөх жилүүдээс өссөн дүнтэй гарсан. Судалгаагаар тээвэрлэлт хийсэн жолооч нарын 90 хувь нь 24 цагаар ажиллах нь зөв, цаашид 24 цагийн горимоор ажиллуулахыг дэмжиж байна гэсэн хариултыг өгсөн байна. Ачаа тээврийн хамгийн бага ачаалалтай үеийг сонгож туршилтын ажлыг хийсэн ч нэвтэрсэн машины тоо, төрөл бүрийн ачаа  барааны экспорт, импорт өссөн үзүүлэлттэй байгаа нь туршилтын хугацаанд гарсан үр дүн гэдгийг Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Б.Баярням онцолж байна.

Vector illustration

Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цаг болгох хүсэлтийг Монголын талаас 1992 оноос хойш тавьж ирсэн ч шийдэгдэлгүй 30 гаруй жил хүлээлт үүсгэж ирсэн. Монгол Улсын Засгийн газрын түвшинд БНХАУ-тай хийсэн удаа дараагийн яриа хэлэлцээр биелэлээ олж, Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга О.Нарандэлгэр, Боомтын захиргааны дарга М.Батхишиг нарын үед ийнхүү ажил хэрэг болсноороо онцлогтой.

Түүнчлэн Замын-Үүд боомтын хувьд тулгамдсан асуудал нь ачаа тээврээс үүдэлтэй хүндрэл юм. Эрээнээс Замын-Үүд, Замын-Үүдээс Эрээн боомтын чиглэлд явж байгаа ачаа тээврийн автомашинуудын дарааллаас үүдэлтэйгээр импортын ачаа барааны үнэ эцсийн хэрэглэгчдэд хүрэхдээ нэмэгдэлтэй очдог нь нууц биш. Тиймээс Замын-Үүдийн ачаа тээврийн хэсгийг зуны ид ажлын үед  24 цагаар ажиллуулах нь хамгийн зөв алхам болно. Тиймээс Замын-Үүд автозамын боомтыг манай талаас цаашид 24 цагаар үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг хятадын талд уламжилж ажил хэрэг болгохоор  ажиллаж байгаа аж.

Улмаар Замын-Үүд боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн үйл ажиллагаатай болгосноор Орос, Монгол, Хятад гурван улсыг холбосон төмөр замын транзит тээврийн нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэхээс гадна тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах улмаар нийлүүлэлт хүлээх хүлээлт үүсэхгүй эцсийн хэрэглэгчдэд очих барааны үнэ тогтворжих сайн талтай.

Нөгөө талаар далайд гарцгүй Азийн зургаан орны нэг болох Монгол Улсын хувьд хоёр том зах зээлийн дунд оршиж байгаа бид байгаа боломжоо ашиглах нэг давуу тал гэж харж болох юм. Хэдийгээр дэлхийн худалдааны гол замуудаас хол ч хэт төвлөрлөөс сэргийлж 24 цагаар тасралтгүй ачаа барааг саадгүй нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж байгаа нь энэ Засгийн Газрын онцлох нэг ажил юм.

Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгын хувьд  Замын-Үүд боомтын ачаа тээвэр нэвтрүүлэх хэсгийг улирлын чанартай 24 цагаар ажиллуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг хэлж байгаа. Учир нь дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн манайд зам, барилга, бүтээн байгуулалтын ажлууд их өрнөдөг. Энэ үед эдийн засгийн гол зангилаа болох Замын-Үүд боомтын ачаа тээврийн урсгалыг саадгүй болгох нь боомтын хөгжлийн гол ажил гэж ойлгож болох юм. Замын-үүд боомтоор дулааны цагт  ачаа тээврийн хэсэгт 300-500 автомашин хилээр нэвтрэх урт дараалал үүсдэг бол өвлийн улиралд энэ тоо 2-4 дахин багасдаг гэдгийг албаныхан хэлж байна. 

Тиймээс далайд гарцгүй манай улсын хувьд олон улсын ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, транзит тээврийг хөгжүүлж тээврийн зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн болон бүтээн байгуулалтыг  дэмжиж, гадаад хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох,  хуурай газар дээрх хадгалалт, ачаа барааг байршуулах зогсоол, талбайн хүчин чадлыг нэмэгдүүлэх бодит шаардлагаас үүдэн Замын-Үүд боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох нь нэн тэргүүнд  тавигдах чухал асуудлуудын нэг юм.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close