Санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох тусгай зөвшөөрлийг хоёр компанид олгоно
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2023.03.20/ болж нийт 25 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар “Нэйшнл рейтинг” ХХК болон “Онч кредит рейтинг эйжинси” ХХК-уудад санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.
Санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох тусгай зөвшөөрлийг 2022 онд анхны компани авч байсан бол өнөөдрийн хуралдаанаар ийнхүү хоёр компанид олгосноор санхүүгийн зах зээлийн оролцогчдын оролцоо, тоог нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөрөнгийн зах зээл дээр гарах боломж бий болно. Үүний зэрэгцээ энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад санхүүжилт татах, санхүүжилтийн өртгийг бууруулах мөн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад нь чухал үүрэг гүйцэтгэж хөгжих боломж бүрдэх юм.
Мөн хуралдаанаар нэг компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр, нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр, нэг хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон нэг хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн ердийн даатгалын болон даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, банк бус санхүүгийн зээл олгох, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх, факторингийн үйлчилгээ эрхлэх, төлбөрийн баталгаа гаргах болон богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрөл, гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нийт дөрвөн компанид, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр дөрвөн компанийг, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий нэг иргэнд олгохоор тус тус шийдвэрлэв.
Харин гурван компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр боллоо.