ЯрилцлагаСЕХОнцлох

Б.Ууганцэцэг: Сонгуулийн хороодод ажиллах албан хаагчдыг цахим системээр бүртгэж байна

Сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдыг бүртгэж, сургах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн ахлах референт Б.Ууганцэцэгээс тодрууллаа.

-Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулиар сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдыг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Хуулийн дагуу төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг бүх шатны сонгуулийн хороодод ажиллуулдаг. Энэ нь төрийн албан хаагчдад сонгуулийн хороодод ажиллах эрх нээлттэй гэсэн үг юм. Бид www.e-election.mn цахим системийн “Суралцагч” цэсэд бүртгэл үүсгэж сонгуулийн хэсгийн хороод, мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллах албан хаагчдыг сургалтад хамруулж, сонгуульд ажиллах албан хаагчдын нөөцийг бүрдүүлж байна. Системд бүртгүүлэн сургалт үзэхдээ хэсгийн хороод, эсхүл мэдээллийн технологийн баг даамлаар ажиллахаа албан хаагч өөрөө сонгоно.

Сонголтоос хамаарч системийн сургалтын сэдэв, сорил өгөх хэсэг өөр байна. Бүх хичээлийг амжилттай үзэж, сорилд тэнцсэнээр сонгуулийн хороодод ажиллах албан хаагчдын нөөцөд бүртгэлтэй болно. Гэрчилгээ авсан албан хаагч сонгуулийн аль шатны хороонд ажиллах хүсэлтэй байгаагаа системээр дамжуулах илгээнэ. Ингээд тухайн шатны сонгуулийн хороодыг томилох эрх бүхий газраас ыүрэлдэхүүнийг системд баталгаажуулна.

Төрийн албан хаагч системд бүртгүүлэхдээ хувийн мэдээллээ үнэн зөв оруулах, баталгаажуулах шаардлагатай бөгөөд яг аль шатны сонгуулийн хороонд ажиллах хүсэлтэй байгаагаа зөв сонгох нь маш чухал юм. Бас системийн бүртгэлд оруулж буй ерөнхий мэдээлэл буюу анкетыг үнэн зөв гаргах нь чухал учир нь  албан хаагчийг сонгуулийн хороонд томилох үед энэ хэсгийн мэдээлэл хянагдана.

Сонгуулийн ерөнхий хорооноос Цахим системийн үйл ажиллагааг танилцуулах, сонгуулийн хороодод ажиллах албан хаагчдын нөөцийг бүрдүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүрэгт сургалт мэдээлэл өгч, холбогдох санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна.  

-Албан хаагчдын нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй асуудал бий юү. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад ажиллах хүний тоо нэмэгдэх байх.

-Төрийн албан хаагчдын ихэнх хэсгийн сургууль, цэцэрлэгийн багш нар бүрдүүлдэг. Сонгуулийн зохион байгуулалтын хугацаа нь албан хаагчдын амралт болон шалгалтын үетэй давхцах учраас сонгуулийн үйл ажиллагаанд оролцох сонирхолгүй байх тал бий. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод хүний нөөц бүрдүүлэхэд чухал үүрэгтэй ажилладаг.

Сонгуулийн төв байгууллагын зүгээс бүртгэл, сургалт, гэрчилгээжүүлэх ажлыг цахим системд оруулснаар албан хаагчид ямар нэгэн хүндрэлгүйгээр сонгуульд ажиллах боломжийг бүрдүүлж байгаа. Сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдыг сургах, гэрчилгээжүүлэхтэй холбогдох журмыг Сонгуулийн ерөнхий хороо баталсан. Энэ журмын дагуу гэрчилгээжүүлэх болон давтан сургалт зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн сонгуулиар сонгогчдын тоо,  хэсгийн тоо нэмэгдсэн, гадаад дахь сонгогчдын саналыг авах зэрэг үйл ажиллагаатай холбоотойгоор сонгуулийн хороодод ажиллах албан хаагчдын тоо нэмэгдэж байгаа. Одоогоор 26 мянга орчим төрийн албан хаагч ажиллахаар судалгаа гарсан бөгөөд системд 1000 гаруй төрийн албан хаагч бүртгүүлэн хичээл судалж байна.

-Сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдад ямар шаардлага, шалгуур тавьдаг вэ. Ажиллах хугацаанд үндсэн ажлаасаа чөлөөлөгддөг үү?

-Хамгийн эхний шалгуур нь төрийн албан хаагч байх ёстой. Улмаар сонгуулийн байгууллагад ажиллах хүсэл сонирхолтой бол эхэнд дурдсан системээр бүртгүүлж, сонгуулийн үйл ажиллагааны мэдлэг эзэмшсэнийг батлах  “Гэрчилгээ” авч нөөцөд бүртгэгдсэн байхад болно. Төрийн албан хаагчийг сонгуулийн хороодод ажиллах хугацаанд харьяалах байгууллага нь цалинтай чөлөө олгохоор хуульчилсан. Мөн сонгуулийн зардлаас зохих урамшууллыг олгодог.

-Цахим системээр бүртгүүлж, мэдээлэл авсны дараа заавал шалгалт өгөх үү?

-Тиймээ. Гэхдээ шалгалт гэхээсээ илүү мэдлэг бататгах сорил юм. Сургалтад хамрагдсан төрийн албан хаагчдаас мэдлэг шалгах сорил авах бөгөөд түүнийг амжилттай өгснөөр системээс “Гэрчилгээ” олгогдоно.

-Цахимаар гэрчилгээ авчихвал сонгуулийн хороодод ажиллах эрх нээгдчихнэ гэсэн үг үү. Цаасаар гэрчилгээ авахгүй байж болох уу?

-Суралцагч сорил өгч тэнцэн Гэрчилгээ авсан бол хэсгийн хороодод ажиллах хүсэлтээ www.e-election.mn цахим системээрээ илгээх боломжтой болно. Ингэхдээ өөрөө аль шатны сонгуулийн хороонд ажиллах хүсэлтэй байгаа тэр хэсгээ сонгох боломжтой.

Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг, аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг, сум дүүргийн сонгуулийн хорооны дарга хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг системд баталгаажуулан ажиллана. Хүсэлт явуулсан төрийн албан хаагчид тавигдах шаардлагыг баталгаажуулж байгаа сонгуулийн хорооны дарга нар хянах юм. Тийм учраас суралцагчаар бүртгүүлж байгаа албан хаагч маань өөрийн мэдээллийг үнэн зөвөөр бүртгүүлэх нь чухал.

-Санал тоолох машины хэвийн ажиллагааг хангах мэдээлэл технологийн баг бас ажилладаг. Тэдгээр хүмүүсээ хэрхэн бүрдүүлж, яаж сургах вэ?

-Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс аймаг, дүүргийн сонгуулийн хороодын дэргэд ажиллах Мэдээллийн технологийн багийг бүрдүүлэх ажлыг хариуцан зохион байгуулдаг. Тус багийн бүрэлдэхүүнийг Хорооны тогтоолоор баталдаг. Эдгээр албан хаагчид нь 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд санал тоолох төхөөрөмж хариуцан ажиллах даамлуудыг удирдлага арга зүйгээр ханган ажиллах бөгөөд энэ бүтцийнхээ дагуу системд бүртгүүлж, баталгаажуулан ажиллана.

Өөрөөр хэлбэл, www.e-election.mn цахим системээрээ суралцагчаар бүртгүүлэх үед “Мэдээллийн технологийн баг, даамал” гэсэн сургалтын төрлийг сонгон суралцаж ажиллах хүсэлтээ илгээнэ. Харин системд баталгаажсан албан хаагчдад төхөөрөмж ашиглах тусгай гэрчилгээт сургалтыг Мэдээллийн технологийн төвөөс техник хэрэгсэлтэй холбоотой сургалт, туршилтыг орон нутагт нь зохион байгуулж ажилладгаараа онцлогтой.

-Цахимаар бүртгэж, сургаж, гэрчилгээжүүлсний ач холбогдол юу вэ?

-Цахим сургалтын ач холбогдол бол маш өндөр. Цахимжуулснаар сонгуульд ажиллах боломжийг бүх төрийн албан хаагчдад нээлттэй болгож байгаа бөгөөд цаг хугацаа, зардлыг хэмнэх, төрийн албан хаагч сонгуулийн хууль тогтоомж, үйл ажиллагааны талаарх мэдлэг, мэдээллээ баталгаажуулах, сонгуулийн зохион байгуулалтын үйл явцыг ойлгох, цаашлаад өөрсдөө ч хариуцан ажиллах боломж илүү нээлттэй ил тод болж байна.

Цахимжсанаар албан хаагчдын бүртгэл мэдээллийн сан үүсэж хэн хэдэн удаа ямар сонгуулиудад ажиллаж байсан талаарх мэдээлэл ч хадгалагдах боломжтой болно. Энэ нь төрийн албан хаагчийг сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон тухай мэдээллийг баталгаажуулж сонгуулийн байгууллагын зарим шагналд тодорхойлох, шагнах үндэслэл болдог.

-Ер нь сонгууль бүрээр төрийн албан хаагчдын нөөц бүрдүүлдэг үү. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс ажиллаад явах боломжтой биз дээ.

-Боломжтой. Одоогоор сонгуулийн хороодод ажиллаж байсан 30 гаруй мянган албан хаагчдын мэдээлэл манай байгууллагад бий. Эдгээр нь бүгд тухай бүр сургалтад хамрагдаж гэрчилгээжсэн албан хаагчид юм. Ажиллах эрх нь ч нээлттэй. Харин энэ жилийн хувьд сонгуулийн тухай хууль, зохион байгуулалтад нэлээдгүй өөрчлөлт орсон шинэ систем нэвтрүүлсэн зэрэг онцлогууд байгаа учраас албан хаагчдыг системд дахин бүртгэл үүсгэж мэдээллээ оруулах, сургалт сорилд хамруулах ажлыг хийж байгаа юм. Сонгуулийн хороодод ажиллаж байгаа албан хаагчдаас санал хүсэлт авч үйл ажиллагаандаа тусгах, холбогдох мэдээ тайланг илгээх, нэгтгэх, хянах зэрэг олон боломжууд системд бий.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close