НийслэлFocus

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно баригдаж буй барилгын ажлыг зогсооно

Усны хаялгагүй, зам талбайд нь борооны ус их хэмжээгээр тогтдог Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд хотын дарга ажиллаж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлага Т.Нямдаваатай /2024.03.16/ уулзжээ.

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл тус компани нийслэлд ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа юм. 

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Стадион орчимд усны хаялга байхгүй. Байсан хаялгыг нь дараад орон сууц барьчихсан. Өөрөөр хэлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газрыг удирдлагууд нь зараад идчихсэн. Үлдсэн багахан зай талбайд нэмээд 22 давхар барилга барьж байна.

Гэтэл Үндэсний их баяр наадмаа хийдэг тус хүрээлэнг жил болгон нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулж, эргэн тойрных нь үл хөдлөх хөрөнгүүдийг түрээсэлдэг.

Түүнчлэн Нийслэлийн Замын хөгжлийн газраас хийсэн талбайг тус компани зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоол болгочихсон. Гэвч эдгээрээс нийслэлд ногдол ашиг огт ирдэггүй. Ойр хавийн талбайд нь ус тогтоод байхад шугам сүлжээ хийхгүй атлаа газрыг нь зараад байдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд нийслэлээс гарсан бүх зардлыг, нийслэлд ирэх ёстой ногдол ашгийг нэхэмжлэх хуулийн баг гаргана” гэв.

Ирэх долоо хоногт уг асуудлаар нийслэл болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд хуулийн байгууллага байлцуулан уулзахаар болов. Зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлэх аж.

Тус хүрээлэнгийн хойно баригдаж буй барилгын ажлыг өмчийн маргааны асуудал шийдэгдтэл зогсоох, усны хаялга хийхийг үүрэг болгожээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close