Гадаад харилцааFocus

Ардчиллын төлөөх парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй танилцав

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэргүүтэй Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Ардчиллын төлөөх парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн (PRIDE) үйл ажиллагаатай /2024.03.02/ танилцав.

БНЭУ-ын парламентын Ардчиллын төлөөх парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн (PRIDE) захирал Раж Кумар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатыг тус хүрээлэнд зочлон үйл ажиллагаатай нь танилцаж буй явдалд талархал илэрхийлээд Монгол Улс, БНЭУ дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын төрийн өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж, хоёр орны харилцаа тасралтгүй, залгамж чанартай үргэлжилж байгааг онцлов.

Түүнчлэн, БНЭУ-ын парламентын зүгээс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллаж ирснийг дурдаж, нэн ялангуяа Ардчиллын төлөөх парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс (PRIDE) зохион байгуулдаг хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны талаарх сургалт болон хуулийн төсөл боловсруулагчдын сургалтад 1992 оноос хойш Улсын Их Хурлын Тамгын газрын нийт 22 ажилтан амжилттай суралцсаныг дурдав.

Ардчиллын төлөөх парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн (PRIDE) зүгээс Улсын Их Хурлын Тамгын газрын төлөөлөгчдөд БНЭУ-ын Үндсэн хуульд парламентын үйл ажиллагааг зохицуулсан байдал, парламент дахь хууль тогтоох болон төсвийг хэлэлцэх үйл явц, БНЭУ-ын парламентын даргын ажлын албаны үүрэг, чиглэл, байнгын хороодын үйл ажиллагаа, тус улсын парламентын үйл ажиллагаанд техник, технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж буй талаар 2024 оны 2 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд танилцуулга, мэдээлэл хийв.

БНЭУ-ын парламент нь доод танхим буюу Лок Сабха, дээд танхим буюу Ража Сабха гэсэн хоёр танхимтай бөгөөд тус улсын Үндсэн хуульд “парламентын танхим тус бүр орон тооны Тамгын газартай байна” гэж зааж өгчээ. Парламентын танхим тус бүрийн Тамгын газрын ерөнхий бүтэц, түүний нэр адил байх боловч дотоод бүтэц (харьяалагдах хороо, хэлтэс, ажлын алба, хэсэг, нэгж) болон гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны чиглэлээрээ ялгаатай аж.

Түүнчлэн тус улсын Үндсэн хуульд “… парламентын танхим бүрийн Тамгын газрын ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, үүрэг, хариуцлагын асуудал болон ажиллах нөхцөлийг парламент хуулиар зохицуулна” хэмээн заасан байдаг байна. Парламентын танхим тус бүрийн Тамгын газрыг Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах ба Үндсэн хууль болон парламентын дээд, доод танхимын даргаас олгогдсон эрх хэмжээний хүрээнд ажилладаг байна.

Тус улсын парламентын дээд, доод танхимын Тамгын газрууд нь, танхим тус бүр үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, дээд, доод танхимын гишүүдийг цалин, хангамж, тэтгэмж зэрэг хуулиар зөвшөөрөгдсөн бусад нөхцөлөөр хангах, төрөл бүрийн эх сурвалжаас лавлагаа, судалгаа бэлтгэж, боловсруулах, танхимууд болон тэдгээрийн харьяа хороодын чиг үүрэгт зайлшгүй хамааралтай баримт бичиг болон өдөр тутмын хуралдааны тэмдэглэлийн бичлэгийг боловсруулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг аж.

Тус улсын парламент мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлж ингэснээрээ парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгож, иргэд, сонгогч, судлаачдад хэрэгцээт мэдээллээ хялбар олж авах боломжийг бүрдүүлжээ.

Тухайлбал, тус улсын парламентын номын сан дахь БНЭУ-ын парламентын доод танхим Лок Сабхагийн анхны хуралдааны тэмдэглэлээс авхуулаад өнөөг хүртэлх үйл ажиллагааны талаарх тайлан, илтгэл, хэлэлцүүлэг, мэтгэлцээний баримт мөн холбогдох судалгаа, шинжилгээний ном, товхимлыг цахим хэлбэрт шилжүүлсэн үйл явцын талаар болон цаашид хиймэл оюун ухааныг хэрхэн нэвтрүүлэхээр төлөвлөж буй талаар танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close