Г.Занданшатар: Алтайн соёл хамтын ажиллагааны шинэ боломжийг нээнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй албан айчлалынхаа үеэр Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуульд зочлон оюутнуудтай уулзлаа.
Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургууль нь Бүгд Найрамдах Киргиз болон Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1995 онд байгуулагдсан юм. Нийт 6000 гаруй оюутан суралцаж буйн 40 гаруй нь монгол оюутнууд аж. Тус сургууль нь эдийн засаг, гадаад харилцаа, соёл урлаг, хууль, эрх зүй, хөдөө, аж ахуй, мал эмнэлэг, боловсролын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Манас” их сургуулийн оюутнуудад тавьсан илтгэлдээ, өнөөгийн даяаршин буй дэлхийн шинэ дэг журамд түүх, хэл, соёлын хувьд ойр, түүхэн найрсаг харилцаат улс орон, ард түмэн хоорондоо бүс нутаг, олон улсын харилцаан дахь өөрсдийн нийтлэг эрх ашгаа зөвшилцөл, хамтын ажиллагааны зарчмаар шийдвэрлэх нь нэн чухал хэмээн онцоллоо.
Тэрбээр, Тэгвэл Төв Азийн нүүдэлчин гаралтай ард түмнүүд бидний түүх, хэл, соёлын нийтлэг нэгэн цэг бол Алтай билээ. Алтай, тэр дундаа Алтай судлал, Алтай хэл, Алтайн соёл, Алтайн түүх, археологийн өв гэдэг нэршил олон улсад нэгэнт танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Алтайн соёл гэх ойлголт хэвшсэнээр хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж байна.
Олон улсын тавцан дээр Алтайн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд Киргиз Улс үнэтэй хувь нэмрээ оруулж буйг тэмдэглүүштэй. Тухайлбал, дэлхийн нүүдэлчдийн 1, 2, 3-р их наадмыг 2014, 2016, 2018 онуудад Киргизстан Улс амжилттай зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын баг тамирчид нүүдэлчдийн уламжлалт спортын төрлүүдэд оролцон гурван алт, зургаан мөнгө, 23 хүрэл медалийн амжилтаар нийт 41 орноос 10-д жагссан нь бахархам үзүүлэлт болсон юм.
Тэгвэл 2023 онд Монгол Улсад зохиогдсон “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Киргиз Улсын урлаг, соёл спортын төлөөлөл идэвхтэй оролцсонд бид ч туйлын сэтгэл хангалуун байдаг. Алтай язгуурын хэл, соёлтой орнуудын их сургуулиуд Алтай судлалын төвүүд байгуулсан туршлага байна.
Энэ хүрээнд Монгол, Киргизийн их сургуулиуд ч хамтран ажиллаж Алтай судлалын төвүүдийнхөө үйл ажиллагааг идэвхжүүлэх бүрэн боломжтой. Залуу судлаачид, эрдэмтэн багш нарыг солилцож, хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийж, хамтарсан судалгааны ажлуудыг хөгжүүлэх боломж дүүрэн байна.
Үүний тулд 2024 оны 4-р сард Улаанбаатар хотноо болох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (Парламент)-ийн дарга Эрхэмсэг ноён Нурланбек Шакиев оролцохоо илэрхийлсэнд баяртай байна.
Тус чуулга уулзалтын хүрээнд болох эрдэм шинжилгээнийн салбар хуралдаанд “Манас” их сургуулийн эрдэмтэн мэргэд оролцож, түүхэн харилцаанд тулгуурласан хамтын ажиллагааны хөгжилтэй холбоо бүхий шинэ санаа, үзэл бодлоо хуваалцана гэж найдаж байна хэмээгээд нийт оюутан залууст сурлагын өндөр амжилт хүслээ.
Дараа нь “Манас” их сургуульд суралцаж буй оюутнуудтай Улсын Их Хурлын дарга уулзалт хийж, сонирхсон асуултад нь хариуллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.