музей

Монголоос гаралтай 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” арга хэмжээ тусгагдаж соёлын өвийг гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг ажлыг Соёлын яамнаас үе шаттай хэрэгжүүлж байна.

Монгол Улс АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг  2013, 2015, 2017, 2020 онд хүлээн авсан бөгөөд энэ удаа 6 төрлийн үлэг гүрвэлийн олдворыг Байгалийн түүхийн музей өчигдөр хүлээн авлаа. 

Палеонтологийн шинжлэх ухааны үнэт зүйл болох түүхэн олдворуудыг нээн илрүүлэх, үнэн мөнийг тогтоох, улмаар хууль ёсны өмчлөгчид нь шилжүүлэх ажиллагаанд АНУ-ын шүүх, прокурорын газар, Дотоодын аюулгүй байдлын яам, Гааль, хил хамгааллын алба, бусад хууль сахиулах албаныхан оролцдог бөгөөд Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг буцаах ажилд Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал, Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн судлаач, палеонтологич, доктор М.Болорцэцэг 2012 оноос хойш тасралтгүй хамтран ажилласаар ирсэн.

Дээрх олдворуудыг Соёлын сайдын 2024 оны А/22 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээн авч, Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт түр хадгалж, цаашид ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, музейн судлаачид хамтран судлах, бэхжүүлэх, сэргээн засварлах, боловсруулах, сурталчлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close