Гадаад харилцааБоловсролОнцлох

А.Н.Евсиков: Орос Монголын хамтарсан 162 дугаар сургуульд шалгалтгүй элсэж, төлбөргүй суралцана

Сонгинохайрхан дүүргийн IV дүгээр хороонд байрлах 162 дугаар сургууль /2024.02.07/ нь Орос Монголын хамтарсан сургууль болж, хотын захын сургуульд сурагчид чанартай боловсрол эзэмших боломж нээгдлээ.

127 сурагч  ОХУ-ын боловсролын стандартаар хичээллэж байна

Энэ бол нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу Улаанбаатар хотын алслагдсан гэр хорооллын бүс болох  “Толгойт”-ын IV хороонд байрлах  Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийн бага ангийн сурагчдад сурах бичиг гардуулан өгөх ёслолын ажиллагааны үеэр эцэг эхчүүд, багш сурагчид сэтггэгдлээ хуваалцсан юм.

Сонгинохайрхан дүүрэг бол нийслэлийн хамгийн том дүүргийн нэг. Тэр утгаараа хүн ам, шилжилт хөдөлгөөн ихтэй, боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байгаа дүүргийн нэг. Энэ ажлын хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 162 дугаар сургуулийг Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль болгон өөрчилж, бяцхан сурагчдаа өнгөрсөн есдүгээр сард хүлээн авчээ.

Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилээс Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангийн 127 сурагч  ОХУ-ын боловсролын стандартаар хичээллэж эхэлсэн байна. Энэ сарын 07-ны өдөр  тус сургуулийн бага ангийн сурагчдад зориулан ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас орос хэл, утга зохиол, математик, байгаль орчны хичээлийн 2400 сурах бичгийг ирүүлсэн бөгөөд тэдгээрийг 162 дугаар сургуулийн багш сурагчдад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болсон юм. Уг арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Хоёр улсын хамтарсан сургуульд хамран сургах тойргийн хүүхдүүд элсэнэ

Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 162 дугаар сургууль 640 хүүхдийн суудалтай, 2022 онд ашиглалтад орсон шинэ сургууль юм.  Сургуулийн номын сан болон анги танхимын тохижилт, суралцах орчин нөхцөл, тоног төхөөрөмжийг хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалтаар харьцангуй сайн бүрдүүлж өгчээ.

ОХУ-ын боловсролын стандартаар хичээллэж буй зургаан настнууд хичээлийн шинэ жилээ угтаад таван сарын нүүр үзэж байгаа ч оросоор мэндэлдэг, ойлгодог, асуусан асуултад өөрийнхөөрөө хариулдаг, дуу шүлгээр арвин авьяаслаг сурагчид болсон байна.

Сурагчдыг элсүүлэхдээ ямар нэгэн шалгалт, шалгаруулалтын дүнгээр бус харин хамран сургах тойргийн сурагчдаас эцэг эх, асран хамгаалагчдын саналыг харгалзан элсүүлсэн учраас эцэг эхчүүд, сэтгэгдэл өндөр байна.

Албан арга хэмжээнд оролцсон хүмүүст тус сургуулийн сурагчид сурсан дуу шүлгээ сонирхуулж, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж бэлэг барьсан байлаа. Сургалтын үйл ажиллагаа, сурагчдын хичээлийн явцтай танилцсан албаны хүмүүсээс сэтгэгдлийг нь сонссон юм.

 ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков: Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай жишиг сургууль байгуулна

Одоогоор ОХУ-аас ирсэн багш нарын тоо их биш. Зөвхөн нэгдүгээр ангид элсэх сурагчдад хичээл заах цөөн тооны багш ирсэн. Цаашид ОХУ-ын боловсролын стандартаар хичээллэх хүүхдүүдийн тоо нэмэгдэх учраас багш нарын тоо нэмэгдэнэ.

Өнөөдөр тус сургуулийн орчин нөхцөл, сурагч хүүхдүүдийн хичээлийн явцтай танилцаад үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Бид цаашид орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай жишиг сургууль байгуулахын төлөө олон ажлыг хийхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: СХД-ийн боловсролын салбарт олон шинэчлэлийг хийх болно

Улаанбаатар  хотын алслагдсан гэр хорооллын бүс болох  “Толгойт”-ын IV хороонд байрлах  Монгол-Оросын хамтарсан шинэ ерөнхий боловсролын 162 дугаар сургууль байгуулагдсан. Энэ том оюуны хөрөнгө оруулалтыг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн ОХУ-ын боловсролын яамныхан болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков танд талархаж буйгаа илэрхийлж байна.

СХД-т Кембриджийн хөтөлбөртэй сургууль байгуулах, Орос Монголын хамтарсан сургууль байгуулах, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байгуулах зэрэг олон ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа.

Цаашид ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улсад нэн хэрэгтэй инженер техникийн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд бүхий л талаас дэмжиж ажиллахаа илэрхийлсэнд баярлалаа. Ингээд тус сургуулийн бяцхан сурагчдад сурах бичгийг үнэ төлбөргүй олгож байгаад баяртай байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close