Булнайн нуруунаас эх аван урсдаг Тэсийн гол нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Завхан аймгийн Асгат, Баянтэс, Тэс, Увс аймгийн Тэс, Баруунтуруун, Зүүнговь сумдын хүн ардыг ундаалж, ОХУ-ын нутгаар урсдаг ч эргэн Увс нуурт цутгадаг тул “Эх оронч гол” хэмээн нэрлэгддэг билээ. Тэсийн гол нь 560 гаруй км урсахдаа 150км орчмыг нь ОХУ-ын Тува улсын нутгаар дайран өнгөрдөг нь зөвхөн Монголчуудын анхаарал хандуулах асуудал биш гэдгийг ч сануулж буй.
Тиймээс олон зуун жилийн туршид энэ нутагт амьдарч ирсэн хүн зоны ундаалсан Тэсийн голыг хайрлан хамгаалж, үр хойчдоо үлдээхийн төлөө энэхүү төслийг санаачлагчид энэ төслийг эхлүүлсэн юм. Учир нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор амьдралын эх ундрага цэвэр усны нөөц улам бүр хомсдож байгаа өнөө цаг үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Завхан аймгийн Асгат, Баянтэс, Тэс, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Тэс сумдын 40 гаруй мянган хүний амьдралын эх ундрага болсон Тэсийн голоо хайрлан хамгаалах нь нэн чухал асуудал билээ.