Focus

“Монгол Улс “мода”-ноос гарах уу?

“Уул уурхайн салбар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт” хэлэлцүүлэг өчигдөр /2024.02.07/ боллоо. Монгол Улс эдийн засгийн хүртээмжтэй бодлого баримтлан ажиллах шаардлага тулгарсныг эдийн засагчид онцолдог. Учир нь тогтвортой өсөлтийг хангахын тулд дундаж давхарга зонхилсон нийгмийг бүтээх урт хугацааны төлөвлөлт хэрэгтэй. Үүний тулд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн экспортлох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ дотоодын хэрэгцээг бүрэн хангахад чиглүүлэх зүй ёсны шаардлага бий. Мэдээж эдгээр нь төрийн бодлого, шийдвэр, Засгийн газрын хэрэгжүүлж буй ажлуудтай уялдаж хөгжих боломж бүрдэнэ.

“УЛСТӨРЧДИЙН ХИЙХ АЖИЛ БОЛОХ ЁСТОЙ”

Тэгвэл эдийн засгийг хөдөлгөгч уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар боломж байгаа вэ гэдэг асуулт гарч ирнэ. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш М.Дагва “Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхэд дотоод болон гадаад хүчин зүйлс байна.

Тодруулбал, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдын урьж улстөрийн шийдвэртэй алхам хийж ажиллах шаардлага дотоод хүчин зүйл болж байна. Үүний тулд монголчууд уул уурхайн салбарын талаар нэгдсэн ойлголттой болох учиртай.

Түүнчлэн үүнийгээ улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган улстөрчдийн хийх ажил болох ёстой гэсэн байр суурьтай байгаа. 

Мэдээж уул уурхайн салбарт дэлхий даяар 10-20 сая ам.доллар хөрөнгө оруулалт болж ордог. Үүнийг өөртөө татахын тулд олон улс орнууд өрсөлдөж байгаа. Манай улсын хувьд энэ хөрөнгө оруулалтын 1-2 хувийг татахаар өрсөлддөг 100 гаруй орны нэг. Тиймээс жилдээ 100-200 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татахын тулд бусад улсуудын хэмжээний суурь дататай болох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт татах хэмжээний мэдээллийг бүрдүүлэх геологи хайгуул, судалгааны ажлыг орхигдуулж болохгүй гэсэн үг” гэв. Үндсэндээ Монгол Улс ашигт малтмалын өндөр потенциалтай гэдгийг хөрөнгө оруулагчид баттай мэдсэн тохиолдолд мөнгөний урсгал орж ирэх боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, манай улс ямар ч төрлийн ашигт малтмал олборлоход урд хөршийн нөлөөгөөр хөрөнгө оруулагчид айх айдасгүй орж ирдэг байсан талаар ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш М.Дагва хэлж байсан юм. Харин өдгөө нөхцөл байдал өөрчлөгдсөн. Учир нь Хятад улс болон барууныхны стратегийн өрсөлдөөнөөс үүдэн шинээр үүсэх магадлалтай ашигт малтмалын төвүүд рүү урсгал чиглэх хандлага ажиглагдаж байгааг хэлэлцүүлгийн үеэр ярилцаж байлаа.

НИЙГМИЙН ХУВААГДАЛ УУ, ЭВ НЭГДЭЛ ҮҮ?

Энэ үеэр гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсад хэрэгтэй юу гэдгийг ч мөн нарийн ярилцах шаардлага үүссэнийг СЭЗИС-ийн удирдах зөвлөлийн дарга, доктор Р.Амаржаргал оролцогчдоос асууж байсан. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай ярихаар талцаж хуваагдан хэт улстөржүүлэх тийшээ хандах нь нийгмийн хуваагдлыг үүсгэж байгаа талаар тэрбээр онцолж байлаа. Монголчууд цөөхүүлээ учраас эв нэгдлийг эрхэмлэх нь нийгэм, эдийн засагт илүү өгөөжийг бий болгоно гэдгийг ч мөн тэрбээр хэлж байв.

Гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт чухал гэдгийг цаг хугацаа харуулж байгаа. Энэ нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэснийг хэн ч үгүйсгэхгүй байх. Нөгөөтэйгүүр нийгмийг талцуулж байна гэх юм. Гэтэл энэ салбар хэл ам дагуулсаар байгаа ч нийгмийн асуудлыг шийдвэрлэсээр ирсэн. Тэгэхээр улс төрийн хиймэл талцал нийгэмд зөрчил үүсгэж байна шүү дээ.

Үнэн хэрэгтээ манай улсын эдийн засаг чадавхитай байхын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах шаардлага бий. Энэ нь эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалт болж орж ирдэг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тиймээс уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирснээр эдийн засгийн өсөлтийг хэрхэн тэлж хүмүүсийн амьдралд ямар нөлөө үзүүлж байсныг 10 жилийн өмнөх эдийн засгийн тэлэлт харуулсан хэмээн Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаа хэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, хуваагдаж талцаад юунд ч хүрэхгүй, харин эв нэгдэл, нэгдсэн ойлголт уул уурхайн салбараар дамжиж орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж. Тиймээс салбарын талаарх нэгдсэн ойлголтыг бүх түвшинд түгээх хэрэгтэй. Үүний тулд нотолгоотой сайн судалгаа, нэгдмэл үзэл баримтлал чухал аж.

НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 76.7 ХУВЬ УУЛ УУРХАЙН САЛБАРТ ОРЖЭЭ

Монгол Улсын хүн ам 3.5 саяд хүрч, нэг хүнд ногдох ДНБ 8.5 сая төгрөгт хүрсэн гэдэг ч хүний хөгжлийн индекс 0.74 гарч дэлхийн 191 орноос 96 дугаарт жагсаж байгаа нь бүс нутгийн орнуудаас доогуур байдалтай байгааг илтгэж байна. Тэгэхээр нийгэм, эдийн засгийн хөгжлийг зорилтот түвшинд хүргэх гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбар.

Уул уурхайгаас төсвийн орлогын 29 хувь, нийт экспортын орлогын 85 хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад нийт 18.7 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэний 1.43 тэрбум ам.доллар нь уул уурхай, олборлох салбарт орж иржээ. Өөрөөр хэлбэл, нийт хөрөнгө оруулалтын 76.7 хувь нь манай улсын эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарт орсон байгаа юм.

Энэ удаагийн хэлэлцүүлэг эдийн засагт жин дарах нөлөө үзүүлдэг салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэдэг асуудалд төвлөрсөн. Талууд хөрөнгө оруулалт шаардлагатай ч хууль эрх зүйн орчин, төрийн тогтвортой бодлого, залгамж халааг бэхжүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.

Нийгэмд уул уурхайн салбарын талаарх ойлголт харилцан адилгүй байгаа нь эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар нэгдмэл үзэл баримтлал, ойлголт, түүнийг нотлох судалгаа байхгүйг харуулж байгаа талаар хөндсөн. Гэхдээ үүнийг шийдвэрлэх боломжгүй асуудал биш гэдгийг оролцогчид хэлж байна. Хамгийн гол нь төр засгийн бодлогын хүрээнд төдийгүй орон нутаг, төрийн бус байгууллага гээд хамааралтай бүхий л хүмүүс нэгдмэл ойлголцолд хүрэх шаардлага үүссэн гэдэгтэй хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж байсан юм.

Дэлхий даяар уул уурхайн салбарт эргэлдэх хөрөнгө оруулалтын ганцхан хувийг авахын тулд 100 гаруй оронтой өрсөлдөж байгаа Монгол Улс “мода”-наас гарах нь цаг хугацааны л асуудал бололтой. Тэгэхээр Хятад улсад ойрхон байх нь манай улсын давуу тал биш болно. Тиймээс нөхцөл байдалтай уялдсан тодорхой хариултыг олон улсад өгсний дараа хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэх нь ээ. Нөгөөтэйгүүр манай улс олборлосон ашигт малтмалаа Хятад болон бусад улс орнууд руу нийлүүлэх боломжтой гэдэг улс төр, геополитикийн шийдэлтэй байх нь зүйтэй гэдгийг ч мөн онцолж байлаа. Уул уурхайн асар их нөөцтэй, газар доорх баялаг минь бүх ард түмнийх гэсээр алтан дээр сандайлсан гуйлгачин болоод үлдчих вий.

Доржийн ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close