“Мөнгөлөг шагшуурга 2024” баруун монгол түмний олон угсаатны наадам болон өргөжлөө
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, өв соёлоороо бахархах уриалга дэвшүүлсэн “Мөнгөлөг шагшуурга-2024” олон ястны өв соёлыг сурталчлах өвлийн цас мөсний баяр өнгөрөгч амралтын өдрүүдэд Ховд аймгийн Хар-Ус нуурын хөвөөнд /2024.01.20-21/ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү баяр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой аж. Мөн олон угсаатан ястны өвөрмөц дүр төрх, амьдралын хэв маяг, ахуйн соёлыг хадгалж ирсэн хувцас хэрэглэл гэдэг соёлын өвийн чухал нэг хэсэг юм. Өвөл цагийн уламжлалт тоглоом наадгай, олон үндэстэн угсаатны соёл уламжлал бүхий олон сонирхолтой арга хэмжээнүүд болдгоороо онцлогтой Хар-Ус нуурын мөсний баяр баасан гаригт Жангар тууль хайлах ёслол, “Алтайн сугас” баруун бүсийн спорт засагчлалын тэмцээнээр эхэлсэн билээ.
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа: Малчдын санаачлагаар эхлүүсэн “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр баруун монгол түмний олон угсаатны наадам болон өргөжлөө
“Ховд аймгийн Хар-Ус нуурын хөвөөн дээр, энэ мөсөн дээр “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээг бид жил болгон зохион байгуулж байна. Энэ арга хэмжээ маань анх 2009 онд Ховд нутгийн малчдын нөхөрлөл нийлээд “Нутаг ус, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалья” гэсэн уриан доор зохион байгуулсан. Жилээс жилд өргөжин тэлсээр энэ жил баруун бүсийн хэмжээний олон угсаатны өвлийн баяр наадам болон зохион байгуулагдаж байна. Ховд аймаг төдийгүй баруун бүсийн Монголчууд маань өв соёлын арвин баялагтай ард түмэн учраас өв соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулан оролцлоо. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас баримталж буй “Go Mongolia” аялал жуулчлалыг дэмжих уриан дор өвлийн аялал жуулчлалын сурталчилсан Монголын Улсын хэмжээний томоохон арга хэмжээ болсонд нийт Ховдчууд болон Баруун Монголчууд бид их баяртай байгаа. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн туршлагаасаа суралцаж, улам өргөжүүлэн байгаль дэлхийгээ хамгаалан мөсөн дээр машин гаргахгүйгээр зохион байгууллаа. Мөн хогоо хаях, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдэх, тамхины цэг гаргах зэргээр зохион байгуулалтын асуудлууд дээр нилээн анхаарсан. Энэ жилийн зохион байгуулалтын ажилд БОАЖЯ, Соёлын яам хамтран дэмжиж ажиллалаа. Нийт Ховдчууддаа болон энэхүү арга хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгийн аймгийнхандаа баярлалаа”.
Мөсний баярын хүрээнд олон угсаатан угсаатны өвөрмөц дүр төрх, амьдралын хэв маяг, ахуйн соёлыг хадгалж ирсэн хувцас,хэрэглэлийг сурталчилсан “Олон угсаатны өвлийн гоёл” уралдааныг угсаатны болон үндэсний гэсэн хоёр төрлөөр зохион байгуулав. Мөн “Дээлтэй монгол хүүхэд” уралдаан, 600 гаруй өвлөн уламжлагч оролцсон урлагийн тоглолт, олон угсаатны хоол унд, идээ ундааны үзэсгэлэн, “Сайхан морьтой ганган морьтой хос” уралдаан, гэрэл зурагчдийн 400 гаруй зураг, сум бүр өөрсдийн угсаатны онцлогийг харуулсан 15 төрлийн 80 гаруй тоглоом наадгайг иргэдэд сурталчиллаа.Олон нийтийн хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжих, ард иргэдэд үнэ төлбөргүй тэшүүрийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Мөнгөн тэшүүр” уралдаан, флаш моб бүжиг, “Open mic”, “Teen shot” арга хэмжээнд ганцаарчилсан болон хосын төрлөөр тус тус зохиогдлоо.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил энэхүү мөсний баярыг зохион байгуулснаар Жаргалант, Мянгад, Буянт, Үенч сумын хоол хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээрүйл ажиллагаа явуулсан 60 гаруй аж ахуй нэгж, иргэн 240 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ жилийн баярын үйл ажиллагаа мөн бизнес эрхлэгч иргэн, байгууллага бүрт нээлттэй байгааг зохион байгуулагчид онцолж байна.
П.Нарандэлгэр