Халх голын дайнд сувилагчаар ажиллаж байсан Ахмад дайчин Ц.Чимэдцэрэнд хүндэтгэл үзүүллээ
Халх голын ялалтын 85 жилийн ой 2024 онд тохиож буй. Ойг угтан 1939 оны Халх гол, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байсан фронтын сувилагч, өдгөө 100 настай Ц.Чимэдцэрэнтэй ОХУ-ын ЭСЯ-ны Цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин уулзаж /2023.12.26/ хүндэтгэл үзүүллээ.
Ц.Чимэдцэрэн нь 15 настай байхдаа фронтын сувилагчаар ажиллахаас гадна Халх голын байлдаанд гар бие оролцож явсан, цөөхөн үлдсэн амьд гэрчийн нэг болж буй аж. Дорнод аймгийн Баяндун сумын уугуул тэрбээр дайны жил сумаасаа Халх голын дайнд оролцсон 16 буриад охидын нэг бөгөөд тухайн үед Баянтүмэнгийн цэргийн эмнэлэгт сувилагч, угаагч, тогооч, индүүчин зэрэг ажлыг хийж байжээ. Өнөөдөр тэрбээр дайны талбарт эх орныхоо төлөө амь бие хайрлалгүй тэмцсэн 16 сувилагч охидоос ганцаараа амьд сэрүүн үлдээд байгаа нэгэн юм.
ОХУ-ын ЭСЯ-ны Цэргийн атташе П.В.Петрунин Ц.Чимэдцэрэн гуайд хүндэтгэл үзүүлж, шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж, ОХУ-ын уламжлалт ёс заншлыг илэрхийлсэн гарын бэлэг гардуулав.
П.В.Петрунин: Та бол энэ цагийн эрхэм баатар
Эрхэм хүндэт анд нөхөд өө. Ирэх онд Орос Монгол манай хоёр улсын хооронд түүхэнд тэмдэглэгдсэн чухал үйл явдал болох Халхын голын түүхт 85 жилийн ой тохиох гэж байна. Бидний хүндэтгэн зорьж ирсэн энэ эмэгтэй өөрийнхөө залуу халуун насыг дайны жилүүдэд өнгөрөөж, эх орныхоо төлөө амь хайргүй зүтгэсэн ахмад дайчин Цэрэнгийн Чимидцэрэн гуай юм. Өнөөдөр тэрээр Халхын голын байлдаанд оролцсон амьд сэрүүн үлдсэн цорын ганц гэрч юм. Хэдхэн хоногийн дараа айлчлан ирж буй шинэ оны мэндийг эрхэм буурайдаа хүргэж байна. Ирэх онд тохиох түүхэн ойд олон арга хэмжээнд бид хамтдаа оролцож, Халхын голын 85 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна. ОХУ-ын нийт ард түмний зүгээс энэхүү түүхт ойн жилд өндөр ач холбогдол өгч олон арга хэмжээг зохион байгуулж байгааг дуулгахад таатай байна. Мөн Монгол-Зөвлөлтийн дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяагаар гагнагдсан түүхт ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин Монголд хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн. Мөн хоёр орны Ерөнхийлөгч нар Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амиа үл хайрлан тэмцсэн Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээ мэдэгдээд байгааг уламжилья. Та бол энэ цагийн эрхэм баатар шүү. Таниараа бид үргэлж бахархаж байх болно. Шинэ оноо сайхан угтаарай. Ирэх ондоо та бид олонтаа уулзалдах болно. Тандаа эрүүл энхийг хүсье.
Ц.Чимидцэрэн: Орос ахан дүүстээ баярлалаа. Большая спасибо…
-Ах дүү Оросын ард түмэнд баярлалаа. Би 15 настайдаа Халх голын дайны оролцсон. Бусад охидын хамт сувилагч, индүүчин, тогооч, цагаан хэрэглэл угаах зэрэг олон ажлуудыг хийж байлаа. Бидний ажиллаж байсан газар бөмбөгдөлтөд өртсөн шархадсан цэргүүд их ирнэ. Шархадсан цэргүүдийн биеийн байдал нь маш хүнд ирдэг байлаа. Зарим хүнд шархтай цэргүүд 2-3 хан хонодог байсан. Бидний хувьд хэчнээн хүнд хэцүү байсан ч эх орныхоо төлөө гээд хичээж зүтгэдэг байлаа. Өнөөдөр намайг зорьж ирсэн Орос ахан дүүстээ баярлалаа. Большая спасибо…
Л.Амарсайхан: Халхын голын дайнаас амьд сэрүүн үлдсэн цорын ганц хүн нь Цэрэнгийн Чимидцэрэн гуай
-Монгол Улсын дайнд оролцсон ахмад буурлуудаас Халхын голын байлдаанд оролцсон амьд сэрүүн үлдсэн цорын ганц хүн нь Цэрэнгийн Чимидцэрэн гуай байна. Халхын голын байлдаанд оролцсон нийт 41 хүн бүртгэлтэй байдаг. Үүнээс амьд сэрүүн үлдсэн нь хоёр эмэгтэй байна. Хоёр дахь эмэгтэй ахмад дайчин бол Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, өдгөө ард түмний дунд “Фронт” хэмээн хүндлэгдсэн Сүрэнхорын Цэгмид гуай байна. Энэ өдөр Халхын голын ялалтын 85 жилийн түүхт ойг угтан ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн атташе, холбогдох албаны хүмүүс Халхын голын байлдааны цорын ганц амьд гэрч Ц.Чимидцэрэн гуайд хүндэтгэл үзүүлж, шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байна.
П.Нарандэлгэр