“Баруун бүсийн үйлдвэржилт ба хоршоод” сэдвээр зөвлөлдлөө
УАНС-ын санхүүжилтээр НҮБХХ-ын дэмжлэгээр хэрэгжиж буй АДАПТ төсөл нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Баруун бүсийн 5 аймгийн 250 гаруй хоршоологчид малчдын төлөөллийг хамруулсан “Баруун бүсийн үйлдвэржилт ба хоршоод” сэдэвт зөвлөгөөнийг /2023.12.7-8/ Ховд аймагт зохион байгууллаа.
Зөвлөгөөнд оролцогчид цаг агаарын гамшигт үзэгдлийг хамтын хүчээр даван туулах, нөлөөлөлд суурилсан зудын эрсдэлийн урьдчилсан мэдээлэлд тулгуурлан төлөвлөлт хийх, малчдын бүлэг, хоршоодын давуу тал, боломж, төрийн бодлогын талаар хамтран хэлэлцэж, сайн туршлагаа хуваалцсан юм.
АДАПТ төсөл нь малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшигт үзэгдлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор уламжлалт цаг агаарын мэдээллийг нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээлэл шилжүүлж, малчдад эрт сэрэмжлүүлэх мэдээг ойлгомжтой, шуурхай хүргэх, мэдээнд суурилсан төлөвлөлтийг сайжруулах, гамшигт үзэгдлийг хамтын хүчээр хохирол багатай даван туулах малчдын хоршоо, нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хийж буй үйл ажиллагаагаа танилцуулав. Тухайлбал мал, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Нэг цэгээр дамжуулан борлуулах, шилмэл сүрэг бий болгож малын чанарыг сайжруулах ажлуудыг туршилтын байдлаар төсөл хэрэгжиж буй 4 аймагт малчдын бүлэгтэй хамтран хэрэгжүүлж байна.
Зөвлөгөөнөөр зуд болон цас, шороон шуурганы урьдчилсан мэдээг хэрэглэгчдэд хэрхэн шуурхай хүргэх асуудлаар хэлэлцэж, одоогийн зуд болон цас шороон шуурганы мэдээ, тайлбар нь малчдад хэр зэрэг ойлгомжтой байдаг, түүнийг цаашид хэрхэн сайжруулах асуудлаар малчидтай санал солилцлоо. Мөн цаг агаарын гаралтай гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулахад малчдад тулгамдаж буй асуудлуудыг оролцогчидтой хамтран тодорхойллоо.
Дашрамд дуулгахад, Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд малчдын дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд өртөх эмзэг байдлыг бууруулах зорилгоор Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгуудад хэрэгжиж байна.