Амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуугийн өвчлөл эзэлж байна
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг УИХ дахь МАН-ын бүлгийн /2023-12-04/ хуралд Монгол Улс дахь томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг бөгөөд одоогийн байдлаар хоёрдугаар түвшин буюу “Идэвхжлийн түвшин”-д байна. Үүсгэгчийн хувьд, амьсгалын замын синцитиал вирус, мета-пневмо вирусийн идэвхжил өндөр, өвчлөлийн гол шалтгаан болж байна. Томуугийн А(H3N2) вирус арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт орчилд орсон, идэвхжил бага байна.
Ковид-19 цар тахлын өмнөх гурван жил (2017-2019 он)-тэй харьцуулахад томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдээгүй боловч идэвхжил 3-4 долоо хоногийн өмнө эхэлсэн байна.
Томуугийн харуулдан тандалтын мэдээгээр 21 аймаг, найман дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд нийт 8,113 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1,431 буюу 17.6 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.3%-иар нэмэгдсэн байна.
Насны хувьд 15 хүртэлх насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчин өндөр буюу 83.8 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-14 хүртэлх насанд 2.7 хувиар нэмэгдэж, 1 хүртэлх насанд 1.8 хувь, 2-4 хүртэлх насанд 1.5 хувиар тус тус буурсан байна.
2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлэгт 575 ор дэлгэсэн. Мөн есөн дүүргийн хэмжээнд хүүхдийн үндсэн ор 815, нэмэлтээр дэлгэсэн 297, нийт 1112 ор байна. Орны ачаалал 95.3 хувьтай байна. Одоогоор тасалдсан эм, тариа байхгүй ба эмнэлгүүд 30 хүртэлх хоногийн нөөцтэй байна” гэсэн мэдээллийг өглөө.
Засгийн газрын санхүүжилтээр 300 мянган хүн тун томуугийн эсрэг вакциныг худалдан авч, 2-5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65 болон түүнээс дээш насныхан, архаг хууч өвчтэй хүн болон эрүүл мэндийн байгууллага, хүчний байгууллагын ажиллагсад зэрэг эрсдэлт бүлгийн хүн амын 89.8 хувийг вакцинжуулалтад хамруулаад байна.
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул ЭМЯ-наас шуурхай арга хэмжээ авч Эрүүл мэндийн сайдын тушаалаар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүүхдийг хэвтүүлэн эмчлэх зорилгоор нэмэлтээр ор дэлгэснээс гадна амбулаторийн тусламж, үйлчилгээг уртасгасан цагаар үзүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвийг амралтын өдрүүдээр ажиллуулах, гэрийн эргэлтийг идэвхжүүлэх зохицуулалтыг хийж байна. Мөн томуу, томуу төст өвчний идэвхижил нэмэгдвэл орны хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зохицуулалтын арга хэмжээ авах зорилгоор “Ор зохицуулах баг”-ийг томилон ажиллуулах тушаал гарган ажиллаж байна.
Түүнчлэн хүүхдийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед хүүхэд, сувилахуйн тусламж, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” А/415 дугаар тушаалыг батлан хэрэгжүүлж байна.
Уг тушаалаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв- II зэрэг эмнэлэгт 2023 оны 12 дугаар сарын 1-нээс 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл нэмэлтээр Хүүхэд судлалын үндсэн мэргэшлийн резидент эмч, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн мэргэжлийн төгсөх дамжааны оюутнуудыг ажиллуулахаар заасан.
Ингэхдээ оюутнуудын үндсэн сургалтыг тасалдуулахгүйгээр үргэлжлүүлэх, эмнэлзүйн сургагч болон мэргэжлийн багш нарын удирдлага дор эмнэл зүйн дадлагыг ажлын байранд хийлгэх, урамшуулал, хоол, унааны зардлыг шийдвэрлэсэн байна.
Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул орон нутагт хүн амын эрүүл мэндэд онцгой анхаарч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, отор нүүдлээр явж буй малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргийг төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, захирлуудад өгсөн байна.