Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Дизайны салбарын зохион байгуулж буй “DESIGN VITALITY-2023” бүтээлч наадам Гурав дахь жилдээ “Монгол дизайн-Нүүдэл шийдэл” агуулга дор 2023 оны 11 сарын 29- 12 сарын 1-ний өдрүүдэд Оросын соёл шинжлэх ухааны төв (Русский Дом в Улан-Баторе)-д зохион байгуулагдлаа.
“DESIGN VITALITY-2023” наадмыг бодит болгоход дэмжигчээр Монгол улсын Соёлын яам, хамтран зохион байгуулагчаар Сити их сургуулийн Дизайны сургууль, Оросын соёл шинжлэх ухааны төв (Русский Дом в Улан-Баторе) ажиллаж байна.
“DESIGN VITALITY-2023” бүтээлч наадам нь үндэсний болон олон улсын дизайнерууд, архитекторууд, судлаач шүүмжлэгчид болон их сургуулиуд, брэндүүд, үйлдвэрлэгчдийг холбосон цогц арга хэмжээ бөгөөд монголын дизайны хөгжлийн төлөө нэгэн зорилготой ажиллаж байгаа байгууллага, дизайнерууд бие биеийн үнэт зүйлсээ хүндэтгэн үзэх зарчмаар санал бодлоо нээлттэй солилцож, судалгаа, онолын асуудал буюу “Монгол дизайны оюун санаа”-г бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах асуудлуудыг хэлэлцэн, уран бүтээлчид, дизайнерууд болон үйлдвэрлэгчид, инноваци хөгжүүлэгчдийг холбох, тэдний хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, гарсан шийдвэрийг бодит биелэл болгон ажиллахаар хуран чуулдаг хүлээлт ихтэй арга хэмжээ юм.
“DESIGN VITALITY-2023” бүтээлч наадмын хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээг дурдвал:
• 2023.11.29-нд Оросын соёл шинжлэх ухааны төв (РЦНК)-ийн хурлын зааланд болсон Олон улсын Эрдэм шинжилгээний хуралд нийт 30 орчим эрдэм шинжилгээний бүтээл ирснээс зохион байгуулагчийн зүгээс тавьсан шаардлагыг хангасан 32 илтгэгчийн 26 илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд гадны улсаас 8 орны илтгэгч онлайнаар оролцож, илтгэлийг ZOOM MEETING-ээр дамжуулан хүргэлээ.
• “DESIGN VITALITY-2023” гар урлал, дизайны шилдэг бүтээлийн үзэсгэлэн Оросын соёл шинжлэх ухааны төв (РЦНК)-ийн 2 давхрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн бөгөөд дизайны олон төрлийн бүтээлүүд оролцлоо.
• “ТЭНХЛЭГ” дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн Оросын соёл шинжлэх ухааны төв (РЦНК)-ийн вестибюльд нээгдсэн бөгөөд уран зураг, дүрслэх урлагийн 60 орчим бүтээл оролцлоо.
• 2023.11.30-нд “Нүүдэл Шийдэл” дугуй ширээний ярилцлага нь “Дизайн монголчуудын амьдралд: (User experience (UX) нүүдэл шийдэл)”, “Game Design- нүүдэл шийдэл”, “Монгол дизайн ба Маслоу-ийн гурвалжин-нүүдэл шийдэл” гэсэн 3 үндсэн сэдвийн хүрээнд нийт 48 оролцогчид оролцохоор бүртгүүллээ.
• 2023.12.01-ний өдөр Олон улсын экспертүүдийн онлайн лекцтэй. Оросын соёл шинжлэх ухааны төв (РЦНК)-ийн хурлын зааланд цахимаар Недарланд улсын арт куратор Irene Vermeleun, Япон улсын Иватэ их сургуулийн Yasuka Sakai нар лекц уншиж, ярилцлага өрнүүллээ.
Өмнө нь Дүрслэх урлаг, дизайны чиглэлээр судалгаа хийдэг, хийхийг хүсэж байгаа урлаг судлаачид нэгэн талбарт үйл ажиллагаагаа хэлэлцэх боломж бага байсан бөгөөд Бид судалгааны ажлаа нэгэн дор хэлэлцсэнээр бие биеэ таних, онол, арга зүйн талаар харилцан туршлага судлах, хамтран ажиллах боломжийг нээх монгол дизайны экосистемийг бий болгоход эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой болов.
Бидэнд шийдэх асуудал, дэвшүүлэх санал, санаачилга байдаг боловч түүнийг нэгтгэх, шийдвэр гаргагч нарт уламжилж хэрэгжүүлэх механизм хомс байсан. Энэ нөхцөлийг сайжруулахаар Дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулдаг.
Дэлхийн дизайны хөгжлөөс хоцрохгүй байхыг бидний мэргэжил шаарддаг учраас орон орны тэргүүлэх экспертүүдийн лекцийг энэ наадмын хүрээнд зохион байгуулдаг. Мөн дүрслэх урлаг болон дизайны чиглэлийн 2 үзэсгэлэнг толилуулдаг.
Жил бүр гадаадын оролцогчдын тоо өсөж байгаа бөгөөд энэ жил ч нэмэгдэх хандлагатай байна. Өмнө нь ийм нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагддаггүй байсан бөгөөд “DESIGN VITALITY” наадам дүрслэх урлаг, дизайны салбарынхны хүсэн хүлээдэг, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болж, 2022 оны наадам гэхэд онлайн сонирхогчдын тоо давхардсан байдлаар 66000 хүрсэн.
Наадмын тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/DesignVitalityFest хуудаснаас үзэж болно.