УИХОнцлох

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх УОК-ын мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы (2023.12.01) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад эхэлж, цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонслоо.

Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар” бэлтгэсэн мэдээллийг Улсын их хурлын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Тэрбээр, Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдлыг үнэлэхэд 2023 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 10 аймгийн 22 сум цагаан зудтай, найман аймгийн 26 суманд зудархуу нөхцөлд шилжсэн байдалтай байна.

Үнэлгээний мэдээллийг цаашид 10 хоног тутам шинэчилж гаргана. Зуншлага гантай, гандуу байсан говийн болон баруун бүсийн нутагт зудын эрсдэл өндөр, зуншлага сайтай ч намар их цас унасан төвийн болон зүүн бүс нутагт ч эрсдэл ихтэй байгаа нь ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөлийг үүсгэж эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрх 69.1 сая мал өвөлжүүлж, 17.2 сая толгой мал эргэлтэд оруулах урьдчилсан дүн гарч байна. 

Тэдгээрээс 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалтыг хийсэн нь өмнөх оноос 1.9 сая толгойгоор буурсан үзүүлэлт юм. Улсын хэмжээн дэх мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг малчдын өвс, тэжээл бэлтгэсэн байдал, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ, хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд 85.7 хувьтай хангагдсан байна.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2023 оны аравдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар ирэх оны аравдугаар сар хүртэл бүх төрлийн малын махны экспорт, импортод тоо, хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг экспортлосны 40 хувь нь дулааны аргаар боловсруулсан мах байсан. Түүнчлэн экспортын махны  11 хувь нь үхэр, 36 хувь нь адуу, 20 хувь нь хонь, 33 хувь нь ямааных байсан бөгөөд 86 хувийг БНХАУ, нэг хувийг ОХУ, найман хувийг Иран, хоёр хувийг Хонконг, үлдсэн хувийг бусад улс оронд гаргажээ. 2023 онд нийт 106.4 мянган толгой бог малыг 7.6 сая ам доллараар экспортолсон байна.

Махны нөөц бүрдүүлэлтийн хувьд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 8000 тонн мах бэлтгэн нөөцлөхтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран ажиллаж байгаа. Засгийн газрын 2023 оны 344 дугаар тогтоолоор “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ыг баталснаас гадна мах бэлтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, санхүүжилтийн эх үүсвэр болон зээлийн хүүгийн хөнгөлөлт, үйл ажиллагаа явуулах схем зураглалыг гарган, санхүүжилтийн гэрээний нөхцөлийг Монголбанктай хамтран шийдвэрлэлээ. 

Мөн Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортолж байгаа 44 аж ахуйн нэгжтэй “Бодлогын гэрээ” байгуулж, үхэр, хонины махыг бэлтгэн дотоодын зах зээлд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Монгол Улсаас БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох бүртгэлтэй 18 аж ахуйн нэгж байснаас тус улсын Гаалийн ерөнхий газар өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсад мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн аж ахуйн нэгжийг шинээр бүртгэж, импортын эрх олгожээ. Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш арга хэмжээ”-г өнгөрсөн сарын 27-ноос 12 дугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд 11 байршилд зохион байгуулж байгаа. 

Эрчим хүчний салбарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн хугацаанд ажлыг дуусгах, үйл явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 52 зуух, 39 турбогенератор ажиллаж байгаа бөгөөд системийн горим ажиллагаа хэвийн байна. 

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажил дунджаар 93.6 хувийн гүйцэтгэлтэй байна. 2023-2024 оны өвлийн их ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1567 МВт хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх оноос 93 МВт буюу 6 хувиар өсөх тооцоололтой. Өвлийн ачааллын горимын үед дулааны цахилгаан станцууд ямар нэгэн бэлтгэл тоноглолгүйгээр, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд үндсэн тоноглолын болзошгүй гэнэтийн зогсолт, тасралт саатлын үед хэрэглэгчдийг хязгаарлаж болзошгүй юм. 

Шатахуун хангамжийн хувьд ОХУ-д хориг тавьсан өдрүүдэд импорт хийгдээгүй, өмнө бүрдүүлсэн нөөцөөрөө амжилттай давсан. Манай улсын дизель түлшний сарын дундаж хэрэглээ 92-95 мянган тонн байдаг. 2023 оны арваннэгдүгээр сарын эхний 28 хоногт 102.6 мянган тонн дизель түлш импортолсноос 57.4 мянган тонныг ОХУ-ын “Роснефть”, 17.3 мянган тонныг “НефтеХимСервис” компаниас, 26.5 мянган тонныг бусад нийлүүлэгчээс, 6.1 мянган тонныг БНХАУ-аас авчээ.  

ОХУ-ын нутаг дэвсгэрт явж байгаа шатахуунтай вагонуудыг шуурхай татан авах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. БНХАУ-аас 2023 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр 3500 тонн дизель түлш орж ирсэн, арваннэгдүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-аас импортлох 31,500 тонн дизель түлшний захиалгын төлбөрийг баталгаажуулсан. Үүнээс эхний ээлжийн 2500 тонныг долоо хоногийн дотор хилээр оруулж ирэх төлөвтэй. 

Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 279 дүгээр тогтоол, Ерөнхий сайдын 03 тоот албан даалгавар, Улсын онцгой комиссын албан даалгавар, хуралдааны тэмдэглэл зэргээр өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилтийг хангасан. Аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг 78.5 хувьтай бэлтгэсэн. 

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан махны экспортод квот тогтоохгүй байх, өвсний экспортыг 2023 оны есдүгээр сарын 05-наас хязгаарлах, малын тэжээлийн экспортыг 2023 оны арванхоёрдугаар сарын дундаас 2024 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хүртэл  хязгаарлах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр “Өвлийн идэш” арга хэмжээг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байна. 

Энэ жил тэжээлийн ургамлын тариалалтад зориулан үрийн болон техникийн дэмжлэг үзүүлж, өвөлжөө, хаваржаанд тариалах сургалт явуулсан. Үүний үр дүнд улсын хэмжээнд 111 мянган га талбайд тэжээлийн ургамал тариалж, 240 мянган тонн ногоон тэжээл хураасан нь өмнөх оноос 40 хувиар их байна. Өвөлжилтийн нөхцөл хүндэрсэн үед шатахуун хангамжид экспортын хориг гэх мэт хүндрэл үүсэж байгаа ч Монгол Улсын Засгийн газар, салбарын яамны зүгээс өдөр, цаг бүрээр бодитой мэдээллийг авч шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.  

Төвийн бүсийн нэгдсэн системийн оргил ачааллыг тохируулах зорилгоор 80 МВт-ын хүчин чадалтай 200 МВтц-ийн багтаамжтай батарей хуримтлуурын станцыг 2023 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрөөс ажиллагаанд залгахаар төлөвлөөд байна. Амгалан дулааны станцын 116 МВт-ын хүчин чадалтай шинэ зуухны өргөтгөлийг 2024 оны 01 дүгээр сард ажиллагаанд залгаж Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Засгийн газраас өвөлжилттэй холбогдох арга хэмжээг авч байна. Мөн стандартын шаардлагыг хангах шаардлагыг тавьж байгаа гэсэн юм.


Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн гишүүн өвөлжилт тааруу аймгийн малчид бусад суманд оторлож байгаа нь нөхцөлийг улам хүндрүүлэх болсныг дурдаад мах бэлтгэл, борлуулалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг саадгүй хүргэхэд анхаарах, өвс тэжээлийг тараан түгээх зэргийг төлөвлөх шаардлагатайг дурдаад малын хөлийн татварыг хөнгөлөх эсэх талаар асуухад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, тухайн орон нутгийн удирдлагууд малын хөлийн татварын хэмжээг өөрсдөө мэдэх асуудал хэмээн хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймагт хоёр жил дараалан ган зудтай байдал хүнд байгаа,  орон нутагтай хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн санал хэлсэн юм. Томуу, томуу төст өвчний идэвхжилт эхэлсэн үе, өвөлжилт хүндэрсэнтэй давхацаж байгааг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сайд мэдэгдээд, онцгой комиссоос отроор явж байгааг малчдын судалгааг гаргаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарна гэв.

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан махны үнийг бууруулахгүй байх, дулааны аргаар боловсруулдаг мах, махан бүтээгдэхүүн бэлтгэхэд холбогдох яам анхаарах, малын тэжээл, хивэг олдохгүй байгааг ОХУ-аас оруулж ирдэг улаан буудайг зөвшөөрөх, шатахууны нийлүүлэлтийг эхний ээлжинд орон нутаг руу хуваарилах, хилийн бүсүүдэд түгээх, өвс, тэжээлийн үнийг тогтвортой барих, хүргэх гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хэлж, асуулт тавилаа. Түүний асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хариулахдаа мах, махан бүтээгдэхүүнийг олон шат дамжлагатай, хүнд сурталтайгаар гадагш гаргадаг явцыг сааруулах бодлого барьсан. Боломжийн хэрээр ажиллаж байгаа. Жилд дундажаар 100 гаруй мянган тонн бэлтгэдгээс 20 хувийг нь экспортолдог гэсэн юм.

Зэсийн баяжмалыг автомашинаар тээвэрлэдэг болсон нь шатахуун түшний хүрэлцээнд нөлөөлөх болсон, ОХУ-д ч дотооддоо хомсдолтой, 12 дугаар сарын дундаас хойш асуудал цэгцэрч, шатахуун, түлшийн нийлүүлэлт хэвийн болно гэсэн мэдээлэлтэй байгаа. Шатахууны чанарт анхаарч байна гэсэн хариултыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өгөв. Улсын Онцгой Комисст найдахгүйгээр орон нутгийн удирдлагууд өвөлд бэлтгэх ёстой. Гэнэт Засгийн газраас унаа, тэрэг нэхдэг асуудлаа болих хэрэгтэй.

Бодлогоор мах, махан бүтээгдэхүүний худалдааг дэмжих, татан төвлөрүүлэх асуудлыг хэлэлцэж байгааг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдэгдлээ. Тариаланчдыг дэмжих чиглэлээр ямар арга хэмжээ, бодлого барьж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам лавлахад, нийт буудайны 70 гаруй хувийг гадаадаас импортолдог байсны нөлөө буураагүй, хүнсний хараат бус байдал хэвээр тул дотоодын хүнс бэлтгэгч тариаланчдыг дэмжих, гэхдээ чанарт ч анхаарах ёстой гэсэн хариултыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, өвөлжилтийн бэлтгэл ажлыг том зургаар харж, төлөвлөх ёстой.  Дэлхийн дулааралтай холбогдуулан хөв цөөрмийг төвийн бүсэд байгуулах, шаардлагатай бол усан цахилгаан станц барих санал тавилаа. Мөн малыг эрүүлжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ? Монгол малын махыг “өвчтэй” гэсэн ангилалд оруулчихсан байдаг нь махны экспортод сөрөг нөлөө үзүүлдэг. Эрчим хүч, дулааны үнэ нэмэгдсэн гэдгийг лавлахад, импортын эрчим хүчний тариф нэмэгдсэн нь үнэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулаад цахилгаан болон усан цахилгаан станцууд, өргөтгөлүүдийг барих төлөвлөгөө, явцыг танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд вирусээр халдварладаг таван төрлийн өвчин байдаг. Энэ жил шүлхийн голомт бүрэн арилсан. Шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой малын өвчлөл гарах магадлалтай тул хяналтдаа авахыг УОК-т мэдэгдсэн. 70 гаруй мянган тонн мах экспортолсон. Нэмж авах захиалга ирүүлсэн гэсэн мэдээллийг Засгийн газрын төлөөлөл өгөв. Бэлчээрийн малын махыг дэлхий нийтэд худалдах хориотой. 21-р зуунд энэ хэвээр байх уу хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр шүүмжилж, холбогдох яамнаас тодруулахад, Засгийн газрын тогтоол гарсан, 5-6 аймгийг мал эмнэлгийн эрүүл бүс болгох зорилт тавьж, улсын хэмжээнд бодлого баримталж ажиллаж байгаа хэмээлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, малчдын асуудалд тодорхой шийдвэр гаргая, дулааны аргаар мах боловсруулалтад нэг ч Монгол хүн байхгүй, хятадууд ажиллуулдаг, энэ асуудлыг оруулж ирж байгаа нь ноцтой зүйл. Шатахууны импортыг хувь хүмүүст зөвшөөрөх ёстой. Гурил, гурилан бүтээгдэхүүн, өвс, тэжээлд оногдуулдаг гаалийн татварыг тэглэе. Баруун аймгаас сонгогдсон гишүүд үүнд анхааръя. Хүн, хүч хүрэлцэхгүйг Засгийн газар шийдвэр гаргая. Малыг ээмэгжүүлнэ гэсэн Болорчулуун сайдыг шоолоод байсан. Гэтэл үнэн хэрэгтээ малын эрүүл мэндэд анхаарахгүйгээр мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох боломжгүй гэсэн юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, ОХУ-аас оруулж ирж байгаа шатахууны хэмжээ хэвээрээ байгаа ч дотоодын хэрэгцээ нэмэгдсэн учраас хомсдол үүссэн. Тусгай зөвшөөрлийн хувьд тавигддаг гол шаардлага нь аюулгүй байдал юм. Дан ганц нэг улсаас импортолдог байдлыг өөрчлөх бодлого барьж байгаа гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Ховд аймагт өнгөрсөн жил өвөлжилтийг өнтэй давсан сайн туршлага бий гээд УОК бусад аймагт хэрэгжүүлж болох юм хэмээсэн. Гурилын үнэ өртөг буурулахад анхаарах талаар хэлсэн түүний саналыг Шадар сайд С.Амарсайхан дэмжиж, ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга утсаа авдаггүй. Цаг үеийн асуудалтай холбогдуулан цаг агаарын мэдээллийг малчдад тогтмол өгч, бэлэн байдалд, хариуцлагатай байхад анхаарахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд сануулав. Одоо бэлэн байгаа 100 мянган тонн буудайг аймгуудад жигд хуваарилах саналыг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан гаргалаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, жил бүр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцдэг ч мал аж ахуй өнгөрсөн зууны хэв маягтай хэвээр үлдсэн, өөрчлөгдсөн зүйлгүй хэмээн шүүмжилсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь нар хөдөө аж ахуйн салбарт онцгойлон анхаарахыг сануулсан юм. Ийнхүү өвлийг хүндрэл багатай давахын тулд мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих, малчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, ажиллах талаар гишүүд үг хэлж, Засгийн газрын төлөөллөөс асуулт асууж, хэлэлцсэний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудалтай холбогдуулан УИХ-ын Байгаль орчны байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдад гурван зүйлд яаралтай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.

Тухайлбал, юуны өмнө уул уурхай, газрын тосны экспорт өссөн нь эдийн засгийн төлөвлөлтөд эерэгээр нөлөөлсөн хэдий ч дизель түлш, шатахууныг дотоодын хэрэгцээндээ тулгуурлан тээвэрлэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахах, хоёрдугаарт, цаг агаарын мэдээллийг орон нутагт хүргэх, бүхий л арга хэрэгслээр цаг алдалгүй, түргэн шуурхай дамжуулж хэвших, тайван цагт мэдээллийн тогтолцоог тодорхой болгох, гуравдугаарт, малыг эрүүлжүүлэх, мах, махан бүтээгдэхүүний үнэ ханш, нөөц бэлтгэхэд анхаарах, малчдын хөдөлмөрийг үргүйдүүлэхгүй байх, эцсийн хэрэглэгч үйлдвэрлэгч хооронд холбож ажиллахыг даалгалаа.

Хуралдаан даргалагчийн зүгээс Улсын Их Хурлын даргын зөвлөлийн хурлын зарыг түгээсний дараа чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 13 цаг 20 минутад завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close