Монгол Улсын Гадаад харилцааны сайд Эрхэмсэг хатагтай Батмөнхийн Батцэцэг, Канад Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг хатагтай Мелани Жоли нар /2023.11.21/ дараах хамтарсан мэдэгдлийг гаргав. Үүнд:
“Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд М.Жолигийн урилгаар Канад Улсад албан ёсоор айлчилж, Монгол Улс, Канад Улсын хооронд бат бэх харилцаа тогтоосныг дахин нотлов. Энэхүү айлчлал нь сүүлийн 25 жилд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Канад Улсад хийсэн анхны айлчлал боллоо.
Монгол, Канад нь дипломат харилцааны 50 жилийн ойгоо тэмдэглэж буй эрхэм зорилго, үнэт зүйл нэгтэй улсууд гэдгийг хоёр тал дахин нотлов. Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд Монгол, Канадын харилцаа ардчилал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг дээдлэн хамгаалах хамтын үүрэг, амлалтад тулгуурлан Өргөн хүрээтэй түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж ирлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсыг Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”-ийн нэг, Хойд Америк дахь чухал түнш гэдгийг дахин нотлов. Гадаад хэргийн сайд М.Жоли Монгол Улсыг Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Канад Улстай үзэл санаа нэгтэй, чухал ардчилсан түнш гэдгийг онцлов.
Сайд нар “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ын хэрэгжилтийг сайшааж, Монгол, Канадын хамтын хөгжил цэцэглэлт, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хоёр талын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, шат ахиулахаар тохиролцов.
Сайд нар хоёр талын яриа хэлэлцээ гүнзгийрсэнд сэтгэл нэн хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид бүс нутаг дахь түнш орнуудтайгаа олон талт яриа хэлэлцээг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэхээр санал нэгдэв.
Сайд нар Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд хоёр талын хөгжлийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг тэмдэглэж, цаашид уур амьсгалд тэсвэртэй хөдөө аж ахуй, баялгийн тогтвортой менежмент; төрийн албаны чадавх, тэгш оролцоот засаглал; жендерийн эрх тэгш байдал, охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Сайд нар цаашид хоёр талын худалдаа, арилжааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг олборлох салбараас гадна ногоон барилга ба дэд бүтэц, эрчим хүчний үр ашиг, цаг уурт мэдрэмжтэй хөдөө аж ахуй, цэвэр эрчим хүч зэрэг шинэ салбарт тэлж, төрөлжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв.
Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгардаг нийтлэг сорилтуудыг онцолж, дэд бүтцийн уялдаа холбоо, тээвэр, логистикийн хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахад канадын талаас дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Сайд нар НҮБ, ЕАБХАБ, АСЕАН-ны Бүсийн чуулга уулзалт зэрэг олон талт болон бүс нутгийн индэрт нийтлэг үнэт зүйлсээ хамгаалж, хамтын зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Монгол, Канад хоёр улс энх тайван, аюулгүй байдал, тэр дундаа энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн иж бүрэн, эрх тэгш, утга төгөлдөр оролцоог хангах замаар “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал”-ын зорилтуудаа хэрэгжүүлж, ахиц гаргахын төлөө байгааг тэмдэглэв.
Гадаад хэргийн сайд М.Жоли “Улаанбаатарын тунхаглал”-ыг сайшаахын зэрэгцээ “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум”-ыг 2024 онд зохион байгуулах Монгол Улсын санаачилгыг дэмжив.
Канад Улс Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-нд тогтмол оролцож ирсэнд монголын тал талархал илэрхийлэв. Сайд нар цөмийн зэвсгээс ангид, тогтвортой, энх тайван Солонгосын хойгийн төлөө байдгаа онцлон тэмдэглэв. Гадаад хэргийн сайд нар Монгол Улсад тогтмол зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль зэрэг батлан хамгаалахын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Сайд нар иргэд хоорондын хэлхээ холбоо, соёлын солилцоог дэмжих замаар харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцлов. Монгол Улс, Канад Улсад боловсрол чухал байр суурь эзэлдэг бөгөөд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа тэлж байгааг онцлон тэмдэглэхийн сацуу хоёр улсад харилцан суралцах, солилцоо хийх болон ажил эрхлэх боломж олгох талаар сургалтын байгууллагуудын мэдлэгийг дээшлүүлж, шинэ хамтын ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж ажиллахаа илэрхийлэв.”