Өв соёлХууль эрх зүйОнцлох

Хууль бус малтлага хийсэн гэмт хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Цагдаагийн байгууллагаас түүх, соёлын өвийн эсрэг үйлдэгдсэн зарим гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүллээ.

Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар “түүх, соёлын дурсгалт”, ”түүх соёлын үнэт зэрэглэл”, “түүх соёлын хосгүй үнэт зэрэглэл” ангилалд хамаарах “Хүрлийн үе”, “Хүннү, Уйгур, Түрэг”-ны үе, Нийтийн тооллын өмнөх II мянгаас Нийтийн тооллын XV зууны үеийн 230 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийг Соёлын яаманд хүлээлгэн өгч, улсын орлого болгох ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал:

1. Монгол Улсын иргэн Э нарын 5 этгээд бүлэглэн Сэлэнгэ, Архангай аймгийн нутаг дэвсгэрээс хууль бус археологийн хайгуул, малтлагыг санхүүжүүлэн Нийтийн тооллын өмнөх II мянга орчим жилийн өмнөх язгууртны эдэлж хэрэглэж байсан, түүх соёлын хосгүй үнэт зэрэглэлд хамаарах алтаар бүтээсэн толгойн чимэглэл, хос ээмэг, бөгж, бүсний тоноглол, хувцасны чимэглэл, зүүлт, товч, зэрэг 84 ширхэг эд зүйлийг худалдан борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан. Мөн Англи Улсад төвтэй, олон улсад эртний эдлэлийн онлайн дуудлага худалдаа зохион байгуулдаг “Тimeline auctions” гэх байгууллагаас худалдан авсан гэх хуурамч баримт бичиг бүрдүүлсэн хэрэг.

2. Монгол Улсын иргэн Б гэгч нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар археологийн хайгуул, малтлага явуулан хууль бусаар олж авсан “Хүрлийн үе”-д хамаарах түүх, соёлын дурсгалт зүйлийг бусдад худалдан борлуулсан хэрэг

3. Монгол Улсын иргэн Д, Б нар нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар археологийн хайгуул, малтлага явуулж, “Хүннүгийн үе”-д хамаарах хүрэл тогоо, гоёл, чимэглэлийн зориулалттай түүх, соёлын дурсгалт зүйл 31 ширхэг эд зүйлийг худалдан борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан хэрэг

4. Монгол Улсын иргэн Ү гэгч нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хан Хэнтий тусгай хамгаалалттай газарт хууль бус археологийн хайгуул, малтлага хийж, IX зуунд хамаарах түүх, соёлын дурсгалт зүйл алтан шармал “Монголжийбуу” бурхныг хууль бусаар олж авсан, бусдад 70.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх хэрэг байна.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт нь:

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэг “Соёлын авийн эсрэг гэмт хэрэг”-т “Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах”, “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах”, “Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх”, “Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийх”, “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах”, “Түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх”, “Эрдэнэсийн сангийн үндсэн санг хууль бусаар зарцуулах” зэрэг үйлдлийг гэмт хэрэг хэмээн хуульчилсан байна.

Мөн таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.

Эх сурвалж: ЦЕГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close