Швед улстай хамтарсан үзэсгэлэн, бүтээл гаргах санал тавив
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга Кеннет Г.Форшлундтай албан ёсны уулзалт хийв.
Уулзалтад Риксдагийн гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Олле Торелл, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Швед-Монголын парламентын бүлгийн дарга Маркус Вэйчил, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Маргарета Себерфелт, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Хоокан Свеннилин, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Магнус Бернтссон, Риксдагийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кристина Свартз нар болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Риксдагийн тэргүүн дэд дарга Кеннет Г.Форшлунд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг Шведийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэхэд хоёр талын харилцан айлчлал чухлыг онцоллоо.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар хоёр улсын харилцаанд парламентын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлоод хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Улсын Их Хурал дахь Монгол-Шведийн Парламентын бүлэг, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Жанабазар идэвхтэй ажиллаж буйг тэмдэглэв.
Талууд ногоон технологи, соёл, боловсрол, худалдаа, хөрөнгө оруулалт, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар харилцан санал солилцлоо. Тухайлбал Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нөлөөллийг бууруулах, ногоон хөгжлийг хангахад Монгол Улс хувь нэмрээ оруулахыг зорьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” тарих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг ажилд төрийн байгууллага хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд идэвх, санаачлага гарган ажиллаж байгаа талаар цохон тэмдэглэсэн.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Шведийн Хаант Улсын угсаатны зүйн музейд Монгол Улсын түүх, соёлын холбогдолтой 2300 гаруй эд өлгийн зүйл хадгалагдаж байгааг дурдаад 2024 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр хамтарсан үзэсгэлэн, бүтээл гаргах санал тавив.
Талууд 2024 онд тохиох Монгол, Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх болон хоёр орны харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, соёлын салбарт харилцан үр ашигтай өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал нэгтэй байгааг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.