НийгэмОнцлох

Өнөөдөр “Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн өдөр”

“Гамшигт хил хязгаар гэж үгүй. Энэ нь нэг орны асуудал биш бүс нутгийн, цаашлаад дэлхий дахины асуудал болоод байна. Тиймээс гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, дасан зохицно гэдэг нь хүн бүрт хамаатай асуудал юм”. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Д.Намсрай ийнхүү хэллээ. Өнөөдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” тохиож буй.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, хүн бүрийг өөрийгөө болоод бусдыг хамгаалах мэдлэгтэй болгоход мэргэжлийн байгууллагаас гадна хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо маш чухал. Сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ өдрийн ач холбогдлыг таниулах зорилгоор ОБЕГ, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран өглөөний уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Энэ зун дэлхийн хэмжээнд хамгийн халуун зун болж өнгөрлөө. Цаг уурын өөрчлөлтөөс хамаарсан гамшиг ослын тоо ч нэмэгдэж байна. Тиймээс гамшгаас урьдчилан сэргийлэх болон бэлэн байдал маш чухал” хэмээн онцлон хэлсэн.

Түүнчлэн НҮБ-ын Хабитат хөтөлбөрийн Монгол дахь салбарын менежер Д.Энхцэцэг монголчууд нүүдэллэж амьдарч байхдаа урьдчилан сэргийлэх уламжлалт арга ухаанаа маш сайн ашиглаж, гамшигт тэсвэртэй амьдарч ирсэн.

Хотжилт нэмэгдэхийн хэрээр эрсдэл өсөж байгаа шалтгааныг тайлбарлалаа. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн аравдугаар сарын 13-ныг ийнхүү тэмдэглэн өнгөрүүлдэг болоод 34 жил болжээ.

Энэ жил дэлхий даяар “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдалтай тэмцэх нь” уриан дор өнгөрүүлэх юм. Нийтийн тээвэр, харилцаа холбоо, суурь дэд бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг нийтийн үйлчилгээний тэгш бус, хүртээмжгүй байдал гамшиг ослын үед нийгмийн эмзэг бүлэгт хамгийн хүндээр тусдаг.

Өөрөөр хэлбэл, ядуурал гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа хэрэг. Тиймээс гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшиг ослын үед сэтгүүлчид хэрхэн ажиллах зэрэг өргөн сэдвийн хүрээнд уулзалт өрнөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close