Баянхонгор аймгийн нүдний эмгэг өвчтэй 341 иргэнд мэс засал хийнэ
Ард иргэдийн нүдний эрүүл мэндийг хамгаалах, нүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношилж эмчлэх, эмчилгээний тусламж үйлчилгээг ойртуулах үүднээс Канад Улсын “Laurel Surgical Foundation” олон улсын байгууллагын эмч, доктор, профессор Хью Парсонс тэргүүтэй нүдний нарийн мэргэжлийн эмч нар болон УНТЭ-ийн Нүдний мэс заслын тасгийн хамтарсан бүрэлдэхүүнтэй багийн алслагдсан бүс нутгийн иргэдэд нүдний эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, хагалгааг үнэ төлбөргүй хийх төслийн нээлтийн үйл ажиллагаа /2023.10.03/ Баянхонгор аймагт боллоо.
Нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Лаурел сангийн зохицуулагч, эмч Хью Парсонсоор ахлуулсан баг, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн эмч, резидент эмч нарын бүрэлдэхүүнтэй баг болон Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар, аймгийн холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилга, дэмжлэгтэйгээр тус баг бүрэлдэхүүн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Баянхонгор аймгийн 20 сумын мянга гаран иргэдэд үзлэг оношилгоо хийсэн бөгөөд хагалгаа хийх зайлшгүй шаардлагатай нүдний болор солих болон нүдний болрын цайлт, далавч хальсны эмгэг, нулимсны суваг, сормуусны буруу ургалт зэрэг нүдний эмгэг өвчтэй 341 иргэнд мэс засал хийх юм.
Тус сангийн нүдний эмч нар 2015 оноос Монгол Улсад нүдний эрүүл мэнд, тусламж үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улмаар эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй, алслагдсан ард иргэдэд нүдний чиглэлийн эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний хүртээмжийг ойртуулж, газар зүйн саадыг арилгах, мөн нүдний эмч нарыг чадавхжуулах, орон нутагт эмчилгээ оношилгоо хийхэд дадлагажуулж, сургахад чиглэж байгаа юм.
Энэхүү төслийн хүрээнд 95 мянган иргэнд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, 20.500 хүнийг эмчилж, 3,040 хүнд катарактын болон бусад төрлийн 1,040 мэс засал хийсэн туршлагатай баг юм.