Ц.Бат-Эрдэнэ: Мазаалай бүх тэжээлээ дуустал идсэн байгаа нь дахин ирэх урам өгдөг
Монголын Алтайн өвөр говьд Говийн их дархан цаазат газрын Цагаан богд, Атас-Ингэс, Шар хулсны нуруунд бүл үүсгэн амьдардаг дэлхийн өөр хаана ч байхгүй амьтан бол мазаалай баавгай. Мазаалайн эрийг шармаахай, эмийг нь эвш гэдэг. Эвш нь жил өнжөөд ихэвчлэн ихэр аламцаг төрүүлдэг байна. Харин шармаахай зун нь хүрэн бор, өвөл хаварт бор саарал зүстэй болдог ажээ. Хүзүү хөл нь их биеэсээ бараан байдаг бөгөөд хэнхдэг хүзүүнийхээ угт цайвар толботой байдаг. Мазаалайн биеийн дундаж жин 90-100 килограмм, урт нь 150, өндөр нь 80-92 сантиметр байдаг. Монголын “Улаан ном”-ын нэн ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэхээр БОАЖЯ, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Мазаалай сан, “Говийн баавгай”, “МАМА” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж буй. Тэгвэл энэ удаад мазаалай баавгайг хамгаалах их үйлсэд сэтгэл зүрхээ зориулан идэш тэжээл тавьж өгөх ажлыг хийж буй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Ц.Бат-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр мазаалай баавгайд тэжээл тавих ажлыг таван жилийн өмнөөс хийж эхэлсэн ажээ.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Мазаалайд идэш тэжээл бэлдэж өгөх ажлыг хэзээнээс хийж эхэлсэн юм. Ер нь ямар зорилгоор энэ ажлыг анх эхлүүлсэн юм бэ?
-Би Баянхонгор аймгийн төвд “Цагаан зам” авто засварын газар ажиллуулдаг юм. Дэлхийн улаан номонд бичигдсэн Мазаалай баавгайн тоо толгой цөөрлөө, нэмэгдэл тэжээл хэрэгтэй байна гэсэн мэдээллийг 5-6 жилийн өмнөөс сонссон. Би өөрөө малчин удамтай ийм хүн. Тэр ч утгаараа мал амьтанг хайрлах сэтгэлтэй. Мазаалайг хамгаалахад хувь хүний оролцоо хэрэгтэй юм байна гэж бодоод 5 жилийн өмнөөс чадах чинээгээрээ өөрийн зүгээс тус дэм болж мазаалай амьдардаг нутгийг зорих болсон. Жил бүрийн хавар нэг, намар нэг заавал очиж тэжээл хүргэдэг заншил тогтоод явж байна. Эхний үед “Мазаалайг Аврах Монголын Алхам” /МАМА/ ТББ-ын Н.Түмэнжаргал ахтай хамтраад явдаг байсан. Миний хувьд хувь иргэнээрээ, өөрийнхөө сэтгэл зүрхээр л явж байгаа.
-Байгальд цөөн тоогоор үлдсэн мазаалайг хамгаалж, сэтгэл зүрхээ зориулаад явж байгаад талархаж байна. Анх явж байсан явсан цагаас хойш одоо ямар үр дүн гарч байна?
-Анх мазаалайн тоо толгой цөөрч, 25 ширхэг л үлдсэн гэж ярьдаг үеэс ажлаа эхлүүлсэн. Энэ хаврын тооллогоор тоо толгой нь 50 хүртэл өссөн гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Мэдээж ганцхан миний оролцоогоор ингээд өсчихөж байгаа юм биш. Байгалийнхаа жамаар бас мазаалайг хамгаалах ажлыг хийж байгаа өөр олон хүмүүсийн хөдөлмөрийн үр дүн шүү дээ.
-Хавар, намартаа тэжээл тавьдаг гэлээ. Энэ үед тэжээл илүү хэрэгтэй бололтой?
-Мазаалай баавгай 11 сарын эхээр ичдэг юм. Намар ичээндээ орохоос нь өмнө тэжээл өгөөд, тэд маань ч идээд хэвшчихсэн. Одоо бол тэжээлийн савтайгаа бүр найз болчихсон гэж болно. Энд л тэжээл авчраад хийчихдэг гээд мэддэг болсон. Ган гачигтай үед нэмэгдэл тэжээл үнэхээр их хэрэг болж байгаа. Тэд тэжээлээ идээд ичээндээ гэдэс цатгалан орно шүү дээ. Хавар гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр эр мазаалай баавгай түрүүлээд ичээнээсээ гардаг. Дөнгөж ичээнээсээ гарахад хавар бол бүүр ч хэцүү шүү дээ. Хахир өвөл болоод өвс тэжээл гэх юм юу ч байхгүй болчихсон үе. Ичээнээсээ гараад шууд л тэжээл хийдэг сав руугаа ирцгээдэг. Дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр эм мазаалайнууд үүрэндээ төллөж, хэсэг хугацааны дараа бамбаруушаа хөлд оруулаад дагуулж гардаг. Гэхдээ эм мазаалай баавгай маань ичээндээ сэрээд, төрөөд, бамбаруушаа хөлд ортол нь хамт байх хугацаанд тураалдаа орчихдог. Харахад үнэхээр хэцүү. Тэднийг ичээнээсээ гараад ирэхэд нөгөө саванд нь тэжээл байж байвал үнэхээр сайхан байна шүү дээ. Түрүү жилээс хавар хоёр, намар хоёр явах гээд зорьдог болсон. Тоо толгой нь нэмэгдсэнээс гадна хэрэгцээ шаардлагыг нь илүү сайн мэддэг болсон.
-Ямар тэжээл бэлддэг юм бол?
-Мазаалайд “Алтан тариа” ХК-ийн хорголжин тэжээл яг сайхан таардаг. Камерийн бичлэгээс харахад их дуртай, үлдэгдэлгүй идчихдэг юм билээ. Өөр үйлдвэрийн болон оросо тэжээл тавьж үзсэн голоод иддэггүй юм.
-Тэжээл тавих ажилд нь хамт явдаг, дэмждэг хүмүүс хэр их байдаг юм?
-Дэмждэг хүмүүс байлгүй яахав. Баянхонгор аймгийн Гэрэл зургийн холбооны найз нөхөд, дүү нар маань хамт явж, оролцоно. Мөн намайг мэддэг одоо найз нөхөд хүмүүс сэтгэлээрээ мөнгөн тусламж өгнө, хамт явна. Заримдаа өөрөө зохицуулаад л давхина. Би аймагтаа авто засварын газар, автомашин угаалга гэх зэрэг машины талын ажил хийж амьдардаг. Байгалиа хамгаалахын төлөө ар гэр, ажилтан, хамт олныхоо ашиг орлогоос л энэ бүхнийг хийж ирлээ. Сайн сайхан ажил хийж байгаа болохоор болоод л байдаг ч дэмжлэг тусламж ирвэл дуртайяа хүлээн авна.
-Ийм том ажил хийхэд мэдээж тусламж, дэмжлэг чухал л даа. Ер нь нэг удаа тэжээл тавихаар явахад хэр их зардал гарч байна?
-Миний багцаагаар 2 сая гаран төгрөгийн зардал гардаг. Тэжээл маань 1 сая гаран төгрөг болно. Бензин тосондоо 800 мянга гаруй төгрөг зарцуулна. Өөр зардлууд ч гарч ирдэг. Нэг удаагийнх нь гэхэд 7-10 өдөр, 1000 гаруй километр яваад ирдэг. Хүнд ачаатай, зам бартаатай бензин тос нилээн орно. Ахиухан тэжээл бэлдсэн үед бол хоёр машинтай явна. Чиний хийгээд байгаа ажлыг сонирхъё, мазаалайн тэжээл тавьдаг газрыг үзье гэсэн найз нөхдүүд ирнэ. Заримдаа машин тэрэг хүрэлцэхгүй 2-3 ч машин явж байсан тохиолдол бий.
-Аливаа ажилд тууштай байх нь их чухал л даа. Гэхдээ дахин дахин очих хэрэгтэй гэсэн урам зориг хаанаас авдаг вэ?
-Зориод очиход тэжээлийн савыг юу ч үгүй хоосон болтол идчихсэн, ойр орчмын газрыг нь ухаж, хөлийн мөр нь үлдчихсэн байдаг. Бүх тэжээлээ дуустал идсэн байгаа нь дахин ирэх урам өгдөг. Түрүү жилийн хавар тэжээлээ үлдээгээд 20 гаруй хоногийн дараа дахин очсон юм. Тэгтэл бүх савны тэжээл нь дөнгөж нэг дуусаад, нэг нь л жоохон үлдчихсэн байсан тул жилд 4 удаа очиж тэжээл тавьдаг болохоор шийдсэн. Анх фургон машинаар тэжээл зөөдөг байлаа. Даац нь бага, тэжээл, бинзен тос, хамт явах хүмүүст маань тухгүйхэн оргиод хэцүү байсан. Тиймээс тэжээл зөөхөд зориулж, хагас кабинтай ачаатай машин дуудлага худалдаагаар авсан. Одоо бол тэжээлээ тавьчихна, бензин тосоо аятайхан аччихна. Жолоочтойгоо 4-5 хүн кабинд суучихна. Тун боломжийн явдаг болсон шүү.
-Одоо хэзээ тэжээл тавихаар төлөвлөж байна?
Энэ жил Цагаан Богд урдуураа нэлээн гантай байна. Та хэд намрын тэжээл тавих ажил нь юу болж байна гээд Дархан газрын хамгаалалтын захиргаанаас хэд хоногийн өмнө ярьсан юм. Тиймээс бэлтгэл ажлаа хийгээд л хотоос 50 тэжээл нааш нь ачуулчихаад хүлээж сууна. Ирэхээр нь намрын эхний тэжээл тавих ажилдаа явна. Миний унаж явдаг машин чинь нэг тонны л даацтай машин. Түүндээ тэжээлээ ачаад бензин тос, идэж уух юмаа аваад л Цагаан Богд хавийг тойрно. Цагаан богдын наад талын хэсэгт байх баянбүрдэд 12 ширхэг тэжээлийн сав байдаг. Нэг саванд 2-3 шуудай тэжээл хийгээд тойроод л явна шүү дээ. Энэ намрын анхны тэжээл тавих ажлаа ирэх долоо хоногт хийхээр төлөвлөсөн. Бэлтгэлээ хийгээд л байж байна.
-Ховордсон ан амьтанг хайрлан хамгаалах энэ сайхан ажилд нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
П.Нарандэлгэр