НийгэмОнцлох

Мөстэй усны “акул” Ш.Даваадорж

“Шаргуу мөртлөө чимээгүй хөдөлмөрлө. Амжилт чиний өмнөөс ярих болно” хэмээх үг бий. Энэ л гайхам амжилтын эзэн бол өвлийн усанд сэлэлтийн ОУХМ Ш.Даваадорж юм. “Газар уснаа явагч” гэж ч хэлж болох ийм нэгэн сонирхолтой түүхтэй, спортын салбарт нэрээ мөнхөлж алдар цуугаа тамгалсан ийм нэгэн эрхэм хүмүүнийг  “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” булангийнхаа хойморт зочноор урив. 

Нийтлэлийнхээ гарчгийг “Мөстэй усны акул” гэж товчхон нэрийдсэний учир нь энэ спортын тухай сонссон хүн бүхэн түүнийг андахгүйтэй холбоотой. Мөн Монголын усан спорт олон жилийн түүхтэй. Тэрбээр Азидаа оросуудтай, дэлхийд европчуудтай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцдаг нэгэн.

Харзны ус нэмэх градустай байдаг бол түүний уралддаг өвлийн төрөл хасах хэмтэй. Хүйтэн усанд хамгийн хурдан загас болох “Сайл” шиг хурдалж, мэргэжлийн тамирчнаас хэд дахин илүү бэлтгэл хийж, тэднийг ялдаг учраас ийн нэрийдсэн билээ. Цөн түрэх мэт хүйтэн мөстэй усыг гарынхаа даллалтаар давж чаддаг энэ эрхэм биднийг чемодан дүүрэн медальтай угтсан юм. Тэрбээр Монголын дэлхийд үзүүлсэн амжилтаас илүү олон дэлхийн медалийг чемодандаа хоёр алд туузан дээр алаг эрээн өнгөөр нь хадчихаад, багтаагүй тал медалиа үлдээчихлээ хэмээн хэлж байсан нь түүний амжилт хэр “зузаан” гэдгийг илтгэнэ.

Хурдан бас хүчтэй юм гэж ам алдмаар…

Тэрбээр Монголд төдийлэн сайн хөгжиж амжаагүй хүндхэн спортын төрлөөр сүүлийн хэдэн жил хичээллэжээ. Өвлийн усанд сэлэлт бол “Эр зоригийн спорт” хэмээн нэрийддэг. Харин энэхүү спортыг өөрийн илэрхийлэл, амьдрал болгож чадсан түүний өмнөөс амжилт аль хэдийн “яриад” эхэлчихжээ. 2019 онд дэлхийн бүх тамирчдын дунд чансаагаараа тэргүүлж чадсан нь үүний томоохон нотолгоо. Гэхдээ тэр “одоо боллоо” гээд хойш суухыг хүссэнгүй. Амжилтаа ахиулахаар, эх орныхоо нэрийг мандуулахаар европын хотуудыг дуусгаж, 40 улсыг зорин 20 шахуу килограмм медаль чемодандаа хийчихсэн нэгэн билээ.  Тэрбээр медалийнхаа “чанартай” хэдийг авчирсан хэмээн ярьж байсан юм. Уралдаж байх үеийнх нь видео бичлэгийг үзэхэд хамгийн намхан нь байлаа. Гэхдээ хамгийн хурдан сэлдэг нь байв. Далайн гахай төрлөөр уралдаж байх үеийг нь харсан болохоор үгээр хэлж чадамгүй үзэгдлийг хормын дотор гаргасан юм. Мэдээж усан спорт гэдэг секунд, долиор хэмжигддэг. Барианаас гарах үедээ нэг секунд анхаарал алдах эрхгүй. Тэгэхээр түүний анхаарал ямар хэмжээний чадварт сууж, энэ хурдыг гаргадаг гэдэг нь ярилцлагын үеэр мэдрэгдэж байв.

Томилолт дагасан амьдрал

Нийтлэлийн зочин маань энэ спортын дэлхийн аварга “могой загас” болохоор интернэт орчноор түүний нэр түгэн одож, сошиал хэрэглэгчдийн танил болсон. Могой загас дэлхийн хамгийн хүчтэй загасуудын нэг юм. Биднийг очих үед усан бассейн засвартай байсан ч эзэмшсэн мэргэжлийнхээ дүрэмт хувцсыг өмсчихсөн зогсож байв.

Аав, ээж 1935 онд Дорнод аймгийн Матад суманд саахалт айлд мэндэлжээ. Хүүхэд байхаасаа тоглож өссөн байна. Аав нь цахилгааны инженер мэргэжилтэй учраас хаана томилогдоно тийшээ гэр бүлээрээ явна. Анх Улаанбаатарт томилогдоод төд удалгүй Дархан руу шилжсэн байна. Энэ үед буюу 1970 онд нийтлэлийн баатар маань Г.Шагдарсүрэнгийн тав дахь хүүхэд болон хорвоод мэндэлжээ. Таван дүүтэй. Тэрбээр тавдугаар анги төгстлөө аймгийн ерөнхий боловсролын сургуульд сурчээ. Харин дараа намар аав нь Эрдэнэт хот руу шугам сүлжээний газрын даргаар томилогдох болсноор шилжин очжээ.

Олуулаа бужигнаж өсөхдөө ах захаа хүндэлдэг, бие биенийгээ хүмүүжүүлдэг, алив юм нь эмх цэгцтэй, дүрэм журамтай өсдөг. Тэр л жишгээр Ш.Даваадорж аав, ээж, ах эгчийн хүмүүжлээр даруу төлөв өсч,  хичээл номондоо анхаардаг, цэвэр цэмцгэр хувцаслахыг хичээдэг, ажлыг гололгүй хийдэг махруу зантай хүү болсон. Түүний ярианаас аживал аав, ээж нь амьдралын нарийн ухаантай, үглэхээс илүү үлгэрлэж, үр хүүхдүүдээ амьдрах ухаанд сургасан буянтай буурлууд байж. Багаасаа гэрийн ажил хийж сурсан хүүхэд олон давуу талтай. Хэн нэгний гарыг харж суудаггүй, бүхнийг өөрийнхөөрөө хийж бүтээхийг илүүд үздэг. Мөн хөлбөмбөг тоглодог болохоор найз нөхдийн хүрээлэл, усан спортоор хичээллэсний эцэст өнөөдрийн Ш.Даваадоржийг бүтээжээ.

“Цагаан Даваа” “Усны Даваа” болсон түүх

Усан спортоор хичээллэж эхэлсэн нь цус багадалтай, туранхай байсантай холбоотой гэнэ. Үүнээсээ болоод царай нь цонхигор явахыг хүүхдүүд хараад “Цагаан Даваа” хэмээн нэрийдэж гэнэ. Цус багадалттай хэмээн сэтгэлээр унаж, үүнийг дасгал хөдөлгөөнөөр хэвийн болгоё хэмээн шийдсэн байна. Ууланд гарахаас эхлээд бүхий л төрлийн дасгалыг хийж үзэв. Гэвч нэг л хэвийн байсан тул усанд сэлээд үзье гэж шийдээд, Эрдэнэтэд шинээр байгуулагдсан Хангарьд усанд сэлэлтийн бассейнд орж үзжээ. Усан спортоор хичээллэсний дараа цус багадалт буурч байгааг анзаарав. Ингээд л энэ спортоор хичээллэх ёстойг ойлгов. Ингэж энэ спорттой салшгүй холбогдож дэлхийд нэрээ цуурайтуулсан тамирчин болсон түүхтэй.

Түүний спортын замнал хөлбөмбөгөөс эхтэй

Хүүхэд ахуй насаа дурсахдаа “Би орос хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглосоор байгаад хэл сурсан. Усан спортоо орхиогүй нь эрүүл мэндтэй холбоотой. Энэ нь ч өнөөдрийн Ш.Даваадоржийг бүтээсэн. Мөн 10 жилийн сургуулиа төгссөн даруйдаа орос улс руу аавынхаа мэргэжлийг өвлөхөөр явсан юм. Хүүхдүүдэд хичээл орох, орчуулга хийж мөнгө олдог байлаа. Багш нар ч хичээлдээ суухгүй байж болно гэхээр нь усан бассейн руу явдаг байсан. Бага нас минь усан бассейн, хөлбөмбөгийн талбай дээр өнгөрсөн” хэмээн ярина. Тэрбээр оросоос ирснийхээ дараа жил Биеийн тамирын дээд сургуульд усанд сэлэлтийн багш дасгалжуулагч мэргэжлийг сагсан бөмбөгийн Дамба багшаар заалгуулж байжээ. Энэ хугацаанд буюу 1990-1995 он хүртэл Монголын мистер тэмцээнд нэмэх болон хасах 75 килограммын жинд оролцоод амжжээ. 

Тухайн үед Ван Дамм, Брюс Ли зэрэг тулаантай киног их үздэг байсан учраас цэргийн хүн болох хүсэл тэмүүлэлтэй болжээ. Ингээд хоёр жил бэлтгэл хийв. Үүний үр дүнд Францын легионерт тэнцэх урам зориг орж шалгалт өгөхөөр очжээ. Харамсалтай нь 26 настай залуусыг шалгаруулалтад авч байгаа. Та 28 настай учраас тэнцэхгүй гэсэн хариуг сонсжээ. Энэ үгэнд бууж өгөлгүй өөр боломж байгаа хэмээн бодож байтал Израйль руу энэ чиглэлээр явах хүмүүсийг шалгаж байгаа гэсэн мэдээг сонсов. Израйльд хоёр жил хамгаалалтын албанд ажилласны дараа эх орондоо ирж, төрийн тусгай хамгаалалтад ажиллахаас өөр хийх зүйлгүй болжээ. Хамгаалалттай холбоотой бүх зүйлийг сурч мэдсэн учир багшийн үүргийг гүйцэтгэхээр болж, энэ эрхэм нэрийг зүүв. Төрийн тусгайд ажилладаг мэргэжил нэгтнүүддээ шинэ зүйл заахыг чухалчилсан гэдгийг хэлж байв. Гэхдээ энэ хугацаанд усан спортоо орхилгүй, тэмцээнд амжилттай оролцчихдог байжээ. Өөрөө усанд сэлдэг болохоор устай холбоотой газар ажиллахыг хүссэн байна.  Тэгээд Онцгой байдлын албанд ажиллахаар болж, 120 дугаар ангид хүчин зүтгэхээр болжээ. Үүний дараа ажил, спортоо орхилгүй дахин мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор 2003-аас 2006 он хүртэл Тагнуулын дээд сургуульд эрхзүйч мэргэжил эзэмшсэн бол 2008-2013 оны хооронд ОХУ Новосибирск хотод олон улсын харилцааг аюулгүй байдлын мэргэжилтнээр суралцаж төгсжээ.

Бүх биеэр зүү шивэх мэт…

Түүний хувьд Монгол хүн дотроо өндөр ч европынхон дунд намханд тооцогдоно. Учир нь усанд сэлэлтийн спортод өндөр тамирчид илүү ноёрхдог талтай. Харин үүнийг өөрийнхөө хичээл зүтгэлээр үгүйсгэж, усан дотор хамгийн хүчтэй нь болж чадсан нэгэн. Тэрбээр хавар цөн түрэх үеэр гаталж, самарддаг тийм л хүн юм. Новосибирскт бакалаврын зэрэг авсныхаа дараа жил олон улсын харилцааны магистрант болохоор Москвад очжээ. “Терроризмын эсрэг үйл ажиллагааны эрхзүйн онцлог” гэсэн сонирхолтой сэдвийг судалж байх үедээ өвлийн усанд сэлэлтийн талаар олж мэджээ. Хичээлээ тарчихаад усанд сэлэхээр явах үед нь энэ спортоор хичээллэдэг танил “Усан спортоор хичээллэдэг байсан юм уу. Надтай хамт явж хүйтэн усанд орж үзэх үү?” гэж асууж. Харзны уснаас хүйтэн гэж юу байх вэ гэсэн юм бодоод очтол бүх бие рүү нь зүү шивж байгаа мэдрэмж төрж байжээ. Учир нь дүн өвлийн хүйтнээр харзны усанд орохоос илүү хүйтэн байж. Учир нь энэ спортын хэм нь хасах градус. Харин харзны ус өвөлдөө нэмэх градустай байдаг аж. Ийм усанд дасан зохицоно гэдэг хэн хүний хийж чадах зүйл биш. Гэхдээ дасгах зорилгоор хүйтэн усанд орж байвал болдог тухай тайлбарласан юм. Харин жилд хэзээ, юу хийх гэдгээ төлөвлөдөг тухайгаа ийн ярьсан юм. Уралддаг хүмүүсийн гар нэг сантметрээр урт бол тэмцээнд түрүүлэх магадлал өндөр. Биеийн өндөр нам, гарын урт богиноос хамааралтай спорт. Тиймээс хоёр дахин бэлтгэл хийж тэднийг гүйцэх хэмжээнд хүрнэ. Харин түрүүлэхийн тулд 10 дахин илүү жинтэй төмөр өргөж, бэлтгэл хийх хэрэгтэй. Би хэзээ, ямар бэлтгэл хийх тухайгаа жилийн өмнөөс төлөвлөдөг. Тэгэхгүй бол тэднийг ялж чадахгүй. Мөн намхан учраас хурдтай байх хэрэгтэй. Хурдтай байхын тулд илүү хүчийг зарцуулна гэсэн үг. Тиймээс 10 дахин жинтэй төмрийг 100-аас дээш өргөж, энгийн дасгалуудыг өдөрт 150-аас дээш хийдэг гэж байв. Манай орны нуурууд цэнгэг учраас бэлтгэл хийхэд их хүч шаарддаг. Харин бусад улсын нуурууд давстай болохоор тогтуун бөгөөд хөвөхөд амар байдаг. Тэгэхээр манай улсын нуур хүртэл илүү хүчирхэг санагддаг гэсэн юм. Бид нэгээс гурван километр замыг амрахгүйгээр гүйж туулахад багагүй хүчийг зарцуулах нь ойлгомжтой. Зарим гүйдэггүй хүмүүс бахардаж ч магадгүй. Харин үүнийг усан дотор туулна гэдэг тийм ч амар биш гэдэг нь ойлгомжтой. Учир нь усанд байгаа хүн илүү хүчийг зарцуулдаг гэдгийг судалгаагаар баталсан байдаг.

Удам дамжсан амжилтын буухай

Тамирчин хүн бүхний сэтгэлд шавь бэлтгэж, амжилт гаргахыг нь харах хүсэл бий. Үүний адил Ш.Даваадорж шавь нараа гэр бүлээсээ бэлдэж эхэлжээ. Эхний ээлжинд дүүгээ хүйтэн усанд дасгаж байгаад тэмцээнд оролцуулсан байна. Анхны тэмцээнээсээ медалийн буухиатай ирсэн учраас дараагийн тамирчнаа бэлдэв. Ирээдүйд дэлхийн аварга болно гэсэн мөрөөдөлтэй эдгээр хүүхдүүд өнөөдрийн эрсдлийг умартан ирээдүйн амжилтаа бодож бэлдэж буй. Тэдний дундаас онцгойрсон нэгэн бол Ш.Даваадоржийн зээ охин М.Цэнгүүн юм. Өвөөгөөсөө үлгэр дуурайлал авч энэ спортоор хичээллэсэн түүний хувьд ДАШТ-ний анхны алтан медалийг хүртсэн. Харин сүүлд болсон тэмцээнээс алтан медаль өөрөө авснаар амжилт ахидаг гэдгийг харуулсан юм.

Өвлийн хүйтэнд мөстэй усанд “амьдардаг”

Хүүхдээ хөлд орсон цагаас нь устай “нөхөрлүүлдэг” орон бол Европ тивийнхэн. Тэдний урт насалдаг шалтгаан нь үүнтэй холбоотой гэнэ. Үүний жишээ бол дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгчийн аав ээжүүд. Тэд өглөө 06:00 цагт босоод кофе уучихаад дугуйгаар хоёр километр газар явна. Очиж цаг гаруй хүйтэн усанд шумбаж байгаад буцаад дугуйгаа унаад харьдагтай холбоотой. Тиймээс усан спортынхоо бэлтгэлийг таслахгүй байхад болно. Мөн 2026 онд олимпын найдвар болон оролцоно. Нас хамаардаггүй, секундаар хэмжигддэг тул оролцох боломж бий хэмээн ярьж байсан юм. Эндээс харвал энэ тамирчин замналынхаа дөнгөж л дунд хэрд нь явна. Энэ зам хэр гэрэлтэхийг, өрнөл яаж тавигдахыг одоогоор хэн ч мэдэхгүй. Гэхдээ тэрбээр Монголын шилдэг тамирчин.

Ш.Даваадорж жилд дунджаар дөрвөөс дээш тэмцээнд оролцдог. Энэ спорт маш эртний төрөл учраас ийм хэмжээний уралдаан болдог. Анх монголд оруулж ирсэн болохоор холбоогоо байгуулаад дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбоонд бүртгүүлж амжжээ. Өөрөө л хөдөлмөрлөж бүтээсэн учраас тэмцээн бүрт амжилттай оролцдог. Тэрбээр цагаан сараас хойш хоёр тэмцээнд зээ охинтойгоо оролцохдоо 20 орчим медалийг өвөртлөөд ирсэн байна. Алтан медалийн тавцан дээр зогсож буй хэн бүхэн өөрийнхөө авьяас, чадварт итгэх, өөрөөрөө бахархах боломж гарч, тэр итгэлийнхээ төлөө тууштай тэмцдэг чанар ажиглагддаг. Тэр яах гэж энэ спортод өөрийгөө зориулсан, юуг даван туулсан, юунд одоо хүрчихээд байгаагаа, хойшид юунд хүрэх боломжтойгоо эцэг, эх, багш, ойр дотныхондоо төдийгүй өөртөө батлан харуулж явна. Мөн ямар нэгэн хэмжээгээр хөдөлмөрлөснийхөө хөлсийг, урам зоригийг, итгэлийг, амьдралын турш нэрийнх нь хуудас болох нэр төрийн баталгааг авчихсан байна гэсэн үг. Гэсэн  ч тэр дахиад цааш сэлнэ. Түүний алдар гавьяа, амжилтын түүх дахиад хөвөрнө.

Д.ДАРАМБАЗАР

Эх сурвалж: ОБЕГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close