Гадаад харилцааМГБССНОнцлох

“Солонгос улс хүн амынхаа хүнсний аюулгүй байдалд анхаарах болсон”

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН), БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн нийгэмлэг https://www.facebook.com/population79 хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын төлөөлөгчид 7 сарын 3-наас 7 сарын 7-ны хооронд Монгол улсад айлчилж байна. Тодруулбал, тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ли Сам Сик, Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Су Жун Э, Жеонбук салбарын захирал Квон Ө Со, Улсан салбарын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга Ким Ён Сук, Геонги салбарын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн хөтөлбөрийн менежер Ли Чун Ми болон Ханьяанг их сургуулийн Спортын тэнхмийн профессор Ким Сун Мин, Ханьяанг их сургуулийн Хүнс, хоол тэжээлийн тэнхмийн профессор Өм Э Сон нар зочилж байгаа юм.

Солонгосын төлөөлөгчид өчигдөр /2023.07.04/ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв-ийн хамт олонтой уулзлаа. Тэд энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, Монголчуудын хүнсний аюулгүй байдал, хооллолт, шим тэжээлийн талаар харилцан судалгаа хийх, вакцинжуулалтын асуудлаар санал солилцов.

Уулзалтанд НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, доктор С.Өнөрсайхан, Хоол судлалын албаны дарга, доктор Ж.Баясгалан, Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа болон бусад холбогдох албадын дарга, мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнууд оролцсон юм.

Уулзалтын үеэр Ханьяанг их сургуулийн профессор Солонгос улсын хувьд хүн амынхаа хооллолт, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдалд сүүлийн жилүүдэд анхаарч байгаа аж. Өмнө нь хүнсний аюулгүй байдал гэдгийг хоол хүнсийг бэлтгэх, хадгалахтай холбоотой гэж ойлгодог байсан бол одоо шим тэжээл, амин дэм зэрэг дотоод найрлага, чанарт нь илүүтэй анхаарч байгаа тухай Ханьяанг их сургуулийн Хүнс, хоол тэжээлийн тэнхимийн профессор Өм Э Сон онцолсон юм. Тиймээс хоёр улс харилцан туршлага солилцох, хамтарч судалгаа хийх боломжтой талаар ярилцлаа.

Дашрамд дурьдахад, МГБССН-ийн хувьд НЭМҮТ-тэй 2022 оноос эхлэн харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд оюутан залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, Бяцхан эмч хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүдэд багаас нь эрүүл мэндийн боловсрол олгох, зан үйлийг төлөвшүүлэх тодорхой чиглэлд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close