ЯрилцлагаОнцлох

Г.Мөнхсайхан: Албыг минь зориод ирсэн залуу үеэ маш сайн дэмжинэ

Хаврын хуурайшилтын өдрүүдэд ой, хээрийн түймрийн дуудлага хүн бүрийн л толгойны “өвчин” болдог. Тэр дундаа мэргэжлийн байгуулагуудын хувьд. Хэлээд, сануулаад байхад л түймрийн дуудлага тасардаггүй. Хаана дуудлага гарна тэнд үүрэг хүлээгээд алба хаагчид минь аяны дөрөө залгаж, хэзээ унтарна тэр цагт гэрийн зүг буцах жишээтэй. Зарим үед дуудлаганаас дуудлага дамнах үе ч цөөнгүй.  Гэхдээ тангараг өргөсөн учраас няцалгүй зүтгэнэ. Түүнээс суралцана, урам зориг ч авна. Ингэж л аврагчаас бүлгийн дарга хүртэл 25 жил зүтгэсэн алба хаагчийн төлөөллийг энэ удаагийн “Аврагчийн хөрөг” булан онцоллоо. Түүнийг Ганбаатарын Мөнхсайхан гэдэг. Тэрбээр Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагчаар ажиллаж байгаа ахмад цолтой алба хаагч.

-Тантай ярилцахаас өмнө таны танилцуулгыг хараад бахархаад л сууж байлаа. Бүх төрлийн аврах ажиллагаанд гар бие оролцож, үүрэг гүйцэтгэжээ?

-Аврагч хүн аврал эрсэн хэн бүхэнд тусалж чаддаг байх ёстой шүү дээ. Гал сөнөөгчөөр 1998 онд ажлын гараагаа эхлүүлж байлаа. Аймгийн хүүхдийн больницид гарсан гал миний анхны дуудлага. Тухайн үед дөрвөн номертой үүрэг гүйцэтгэсэн. Биднийг очиход баруун хойд талаасаа хоёр давхарт гал тархчихсан байсныг байлдааны тархалт хийж унтрааж, алба хаагчдынхаа хамтаар амиа алдсан нэрвэгдэгчийг гарган Цагдаагийн байгууллагад, угаартсан гурван иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч байлаа. Энэ гал дээр сайн ажилласан гэж тухайн үеийн Гал түймэртэй тэмцэх газрын даргын “Сайшаалын үнэмлэх”-ээр шагнагдаж байсныг эргээд дурсахад сайхан байна.  Гал сөнөөгчөөр 15 жил ажлаад офицерын бүрэлдэхүүнд шилжин Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн салааны захирагчаар 2014 онд томилогдсон. Улмаар 2016 оноос  Эрэн хайх, салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагчаар өнөөг хүртэл ажиллаж байна.

 Аав тань  Сүхбаатар аймгийн анхны гал сөнөөгчдийн нэг юм байна. Аавынхаа ажил, мэргэжлийг өвлөн, онцлог ихтэй Онцгой албанд  үүрэг гүйцэтгэнэ гэдэг хамгийн том бахархал байх. Ажил, мэргэжлээ сонгоход тань аавын нөлөө байв уу?

 Сүхбаатар аймагт 1972 онд Гал команд байгуулагдахад анхны гал сөнөөгчдийн нэгээр миний аав Л.Ганбаатар томилогдож, ээлжийн дарга хүртэлх албан тушаалыг хашиж байгаад Цагдаагийн байгууллагаас дэд хурандаа цолтой гавьяаныхаа амралтад гарсан. Аавыгаа галын улаан машинд суугаад явж байгаа, шатанд гүйж байхыг хараад л ирээдүйн мэргэжлээ сонгож байлаа.

-Бусдыгаа манлайлах, чиглүүлэх, үүрэг даалгавраар хангах, хааяахан ажлын шаардлагаар хатуухан зэмлэх гээд ажлын арга барил тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад өөр, өөр.  Таны хувьд ямар зарчмыг баримталж байна?

Аврагч хүний ажлын сайн, муу гээд бүхий л жаргал, зовлонг нь мэддэг учраас аль болох зөвлөн туслагч байхыг  хичээдэг. Албыг минь зориод, мөрөөдлөө биелүүлэх гээд ирсэн залуу үеэ маш сайн дэмжинэ. Хүнээс үг сонсдог, авах, гээхийн ухаанаар ханддаг, зарчимч, цагийг өөртөө үр бүтээлтэй өнгөрүүлдэг байгаасай л гэж үргэлж хэлдэг дээ.

-Гал сөнөөгчдийн томоохон шалгуурын нэг гэж болох мэргэжлийн спортоороо хэдэн жил хичээллэсэн бэ?

Ажилд ороод тухайн үед үүрэг гүйцэтгэж байсансалааны захирагч, хошууч Д.Мөнхбат, спортын мастер н.Төмөртогоо багш нараар Гал унтраах техникийн олон төрөлт спортыг  залгаж, түүнээс хойш 10 жил хичээллэсэн. Энэ хугацаанд  бүсийн тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медалийг хүртэж, нэгдсэн ангиллын  I зэрэгтэй. Мэргэжлийн спортоос гадна явган аялалын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, аймгийн аваргаас алтан медальтай.  Мөн шагай харвана. Гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, ширээний теннис тоглоно. Аймгийн болон бүсийн  хэмжээнд зохион байгуулагддаг тэмцээн, уралдаануудад хамт олонтойгоо тогтмол амжилттай оролцдог.

-Гэр бүлийн дэмжлэг, ойлголт ажлаа амар тайван хийх хамгийн том түлхэц байдаг. Ханьтайгаа танилцаж байсан үе рүүгээ эргээд нэг очвол..?

-2004 онд Дорнод, Хэнтий аймгийн найзуудыгаа Дарьганга сумын үзэсгэлэнт Алтан овоо, Ганга нуур, Шилийн богд зэрэг газруудад аялуулж яваад анх эхнэртэй танилцаж байлаа. Тэр үед эхнэр маань Дарьганга суманд багшилдаг байсан. Ам бүл тавуулаа.  Гурван хүүтэй. Эхнэр Г.Шинэтуяа Баруун-Урт сумын ЗДТГ-ын боловсрол, соёл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Том хүү М.Ганбаяр 12 ангид, дунд хүү М.Ганбилэг VI ангид, бага хүү М.Билэгтөгөлдөр I ангид суралцаж байна.

Түүх үргэлжлүүлэх мөрөөдөлтэй хүү байгаа болов уу. Таны хувьд магадгүй хүлээлттэй байдаг байх?

Том хүү маань энэ хавар 12 дугаар ангиа төгсөнө. Өөрөө бол ДХИС-д суралцах сонирхолтой байгаа. Миний хувьд маш их дэмжиж, ажил, албаа үргэлжлүүлэхийг хүсч байна. Энд сонирхуулахад манай гэр бүл, ах дүү нарт Цагдаа, Онцгой байдлын албанд ажиллаж байсан, ажиллаж байгаа нийт 9 хүн байдаг. Хамгийн дээд цолтой нь аав минь юм байна. 

-Их ажлын хажуугаар цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Гал сөнөөгчийн удмын түүх үеийн үед үргэлжлэх болтугай…?

Баярлалаа.  Энэ биеийг минь эрүүл саруул төрүүлж өсгөсөн аав, ээждээ, ар  талыг минь найдвартай даадаг ханьдаа, үе үеийн дарга, удирдлага, ах нар, одоо ажиллаж байгаа хурандаа Б.Анхбаяр даргатай Онцгой байдлын газрын хамт олондоо баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Санасан сайхан зүйл бүхэн бүтдэг. Хичээвэл боломжгүй зүйл байдаггүй л гэж бодож явдаг даа.

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ДУУДЛАГЫГ ТОЙМЛОВОЛ….

-Усны ослын 15 удаагийн дуудлагаар ажиллаж, 7 нэрвэгдэгчийн цогцсыг гаргасан.

– Зам тээврийн ослын 9 дуудлага, цасанд боогдсон 75 автомашиныг  татан гаргаж, 384 хүний амь насыг аварсан.

-Ахуйн гал түймрийн 25, хээрийн түймрийн 155 удаагийн дуудлагаар 200 гаруй хоног үүрэг гүйцэтгэж, 494 хүний амь нас, 198 айлын гэр, 121 хашаа саравч, 30649 гаруй мал сүргийг авран хамгаалсан.

-Байгаль цаг агаарын болзошгүй аюултай үзэгдлийн улмаас шуурганд төөрсөн, малтайгаа уруудсан 82 удаагийн дуудлагаар Эрэн хайх, аврах бүлгийг удирдан ажиллаж, 324 хүнийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.

-Малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчний ариутгал халдваргүйжүүлэлтийн болон  Баруун-Урт сумын постод нийт 33 удаа 792 цаг, хөдөлгөөнт постод 20 удаа 480 цаг үүрэг гүйцэтгэсэн.

-“Ковид-19”  халдварт өвчний үед  Баруун-Урт сумын постод 23 удаа 552 цаг, хөдөлгөөнт постод 20 удаа 480 цаг, Хэнтий аймгийн Давсан бадрах, Дэлүүн болдог гэдэг газруудад 54 хоног 1296 цагийн үүргийг тус тус гүйцэтгэсэн.

-Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрийн хариуцсан  5-р багт сар бүр тогтмол төлөвлөгөөний дагуу ухуулга сурталчилгаа, мэдээ мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж, сүүлийн хоёр жилд давхардсан тоогоор 1300 гаруй айл өрхийн 3800 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар, зөвлөмж өгсөн. Мөн илэрсэн зөрчил дутагдлын талаар зөрчлийн тэмдэглэл үйлдэж, гамшгаас хамгаалах улсын байцаагч нарт танилцуулан шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан.

-2008 онд тухайн үеийн Аврах тусгай анги /одоогийн Үндэсний аврах бригад/-д  аврагч-химичиний анхан шатны сургалтанд 14 хоног, 2006 онд ОХУ-ын Чита мужийн МЧС-д 7 хоног  сургалтад тус тус хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close