НийтлэлтеатрСурвалжлагаОнцлохФото сурвалжлага

“Анхаар! Гэрэл, Тайз, Хөгжим, Эхлъе!”

Орфей театрын хэв маяг нь бусдаас нэг л өөр. Хүнд нэгийг бодож хоёрыг тунгаах үзэгдлүүдээр өнөөгийн нийгмийн саар талуудыг хөндөж, үзэгч түмэнд хөнгөхөн хүргэчихдэг санагддаг. Анх “Гэм зэм” жүжгийг үзчихээд алмайрч орхисон. Тийм болохоор ч тэр үү тоглогдож байгаа жүжиг бүрийг нь алгасалгүй үзэхийг хичээх болсон. Жүжигчдийн сонголт, тайзны шийдэл, найруулга, хөгжим, бүгд намайг дурлуулж чадсан учраас жүжиг бүрийг нь шимтэн үзэх дуртай.

Орфей театрын бас дараагийн нэгэн гайхалтай уран бүтээл болох  “Зуны шөнийн театр”-ын “Шөнө дундын бүжиг” драмын жүжгийг үзсэн сэтгэгдлээ хуваалцъя.

Улаанбаатар зочид буудлын гадаа өлгөөтэй байх “Зуны шөнийн театр” гэх угалзруулан бичиж өлгөсөн байхыг хараад зөв газраа ирснээ ойлгосон юм. Хаалгаар ороход  гоёмсог улаан хамбан даавуу ханыг бүхэлдээ бүрхжээ. Эргэн тойрноо ажиглан харвал хажууд минь “Шөнө дундын бүжиг” бичиг өлгөөстэй байна.

Тасалбараа авчихаад жаал ажлаа. Миний жүжгүүдийг нь үзэх дуртай бас нэгэн шалтгаан бол тасалбар. Нэг л содон, онцгой байдаг. Энгийн нэг дөрвөлжин цаасан дээр тоглож буй жүжигчдийнхээ зургийг, жүжгийнхаа нэртэйгээ хэвлээд орхичихдоггүй. Гайхалтай өнгөний зохицол, шинэ содон хэлбэр хийц гээд л тасалбар бүрийг нь авах болгондоо “Хөөх” гэж уулга алддаг энэ удаад ч мөн ялгаагүй.

Эргэн тойрноо ажин явсаар нэгэн хөшигний цааш орлоо. Дотогш орох мөчид жүжиг үзэхээр ирсэн биш ямар нэгэн тансаг цэнгүүнд ирчихсэн аятай санагдаж билээ. Үүдний хэсэгт хийл хөгжмөөр сонгодог ая тоглох нь ирж буй зочдыг угтан авч дотогш залж буй мэт. Тэдний эсрэг талд нь дарс хундгалан зогсох залуус.

Зохион байгуулагчаас суудлаа заалгаж аваад,суудалдаа тухлаад эргэн тойрноо ажив. Анх онлайнаар суудлуудыг нь харчихаад яаж үзэх юм болдоо гэж бодож байсан ч бие биендээ саад болохооргүй хаанаас нь ч үзэхэд таатай зохион байгуулжээ.

Удалгүй жүжиг эхэлснийг мэдэгдэж бүх гэрэл унтарлаа. Нэгэн залуу тайзан дээр гарч ирэн харанхуйн талаар өгүүлнэ. Тэр тэгш дөрвөлжин тайзан дээрээ эргэлдэж, бүдэг гэрэл дор үзэгч олон луу нэг тийм учир битүүлгээр ширтсээр.

“Анхаар! Гэрэл, Тайз, Хөгжим, Эхлъе!” гэх хэдхэн үгээр эхлэсэн “Шөнө дундын бүжиг” (midnight dance show). Миний үдэшлэг цэнгүүнд ирчихвүүдээ гэсэн бодол жүжиг эхэлсний дараа өөрчлөгдсөн юм.

Би нэгэн шөнийн клубт үзэсгэлэн гоо бүсгүйн бүжихыг харахаар хүрэлцэн иржээ. Тэр бол шөнийн сахиусан тэнгэр Шубира байлаа. Тэр тэнхимд байгаа хүмүүс зөвхөн үзэгч ч биш олны хэсгийн дүрд тоглоод амжсан. Эл жүжгээс хайртай хүнийхээ төлөө гэсэн аугаа хайрыг, түүнтэйгээ байх баяр баясал, гуниг, зовлон, хагацал, гомдол, атаархал, цөхрөл гээд олон олон мэдрэмжүүдийг хэдхэн цагийн дотор мэдрээд сэтгэл хангалуун үлдсэн.  Бас л нэг тархи, зүрхэнд тодоор үлдэх гайхалтай жүжиг байж чадлаа.

Хамгийн ихээр сэтгэлд хоногшиж, одоог хүртэл мартагдахгүй байгаа
“Та нар харанхуйд сэрж
Харанхуйд хөөрч, баясаж, хөжилдөцгөөдөг. Яагаад?
Яагаад гэвэл та нар гэрлээс айдаг
Гэрэл та нарыг илчилхээс айдаг”  гэх богинохон хэдий ч асар их утгыг агуулах эл үгс …

О.Чинболор

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close