Бяцхан эмч зөвлөж байна
Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан УБ дахь Бяцхан эмч хөтөлбөрийн хамт олноос дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
0-5 нас бол танин мэдэхүй, бие бялдар, нийгэмшихүйн хөгжлийн хамгийн чухал үе байдаг. Хүний тархины хөгжил хамгийн идэвхтэй, эрчимтэй явагдаж байдаг энэ үед бага насны хүүхдийн цогц хөгжил (бие бялдар, оюун ухаан, хоол тэжээл, сэтгэлийн цогц бүрдэл)-ийг дэмжиж, зөв чиглэлд оруулснаар ирээдүйн амьдралд нь эерэгээр нөлөөлж, эрүүл мэндийг дэмжих бүрэн боломжтой.
Тиймээс хүүхдийг бага наснаас нь эхлэн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх нь тэдний эрүүл өсөлт, хөгжлийг дэмжих, оюун ухааны чадамжийг дээшлүүлэх, цаашлаад хоол тэжээлээс хамааралт эмгэг (өсөлт хоцролт, илүүдэл жин ба таргалалт, цус багадалт, рахит, шүд цоорох гэх мэт)-ээс сэргийлэх, улмаар насанд хүрэхэд зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин гэх мэт халдварт бус өвчнөөр өвчлөхөөс сэргийлж чадна.
Эцэг эх, асран хамгаалагч Зуны амралт эхэлж байгаатай холбоотой хүүхдүүддээ юу анхаарах вэ?
Хоол тэжээлийн талаас:
- Хүүхдээ хангалттай хооллож буйд анхаарах,
- Өдөрт нэг аяга сүү болон тараг өгөх,
- Шингэн хангалттай хэмжээгээр уулгах,
- Нохойн хошуу, чацаргана, аньс, тарвас, нэрс, үхрийн нүд гэх мэт жимсийг шинээр нь болон шүүс болгон хэрэглэх,
- Шарсан төмс, чипс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, чихэр, шоколад, транс тос, дүүпүү, шар буурцаг зэрэг бүтээгдэхүүнийг аль болох хязгаарлах
- Хооллохын өмнө чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн өгөхөөс зайлсхийх,
Хөдөлгөөн, эрүүл мэнд, сэтгэлзүйн талаас:
- 5 хүртэлх насны хүүхэдтэй эелдэг зөөлөн харьцаж, байнга урамшуулж бүх зүйл дээр дэмжиж, туслаж, сэтгэл санаагаар нь өөдрөг байлгах
- Хүүхдийг агаарт сайн байлгах,
- Аль болох хөдөлгөөн шаардах тоглоом тоглуулах (гүйх, харайх г.м)
- Дэлгэц, утаснаас аль болох хол байлгах
- Сайн унтуулж, амраах
- Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ хамт тоглох, ном унших, зугаалах, алхах, гүйх зэрэг үйлдлийг өдөр бүр хийгээрэй.