Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг боловсруулахад зөвлөнө
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг /2023.05.26/ үзэглэлээ.
Гэрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар, БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК-ийн Монгол Улс дахь төсөл хариуцсан захирал Гу Сяао Дун нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Тус үйл ажиллагааны үеэр Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар олон жилийн түүхэн уламжлалт, найрсаг харилцаатай хоёр улсын хамтын ажиллагаа бүх талаар өргөжин хөгжиж ирснийг тэмдэглээд хоёр улсын хооронд нээгдэх төмөр замын 2 дахь гарцыг амжилттай бүтээн байгуулж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хоёр байгууллагын бүтээн байгуулалтын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд ажилд амжилт хүслээ.
БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК-ийн Монгол Улс дахь төсөл хариуцсан захирал Гу Сяао Дун хэлсэн үгэндээ тус компани нь Улсын төмөр замын компанид харьяалагддаг цорын ганц зураг төслийн компани болохыг онцлоод Хятадын хилд 50 мянган километр төмөр зам барьсан, улсынхаа төмөр замын салбарын тэргүүлэх зураг төслийн зөвлөх компани болохыг танилцуулав. Мөн Хятад, Монгол хоёр орны харилцаа болон суурь бүтцийн бүтээн байгуулалтад бүхий л хүчин чадлаа зориулж, Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын ТЭЗҮ, иж бүрэн зураг төслийн ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэхээ илэрхийллээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь урьдчилсан байдлаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас баталсан №25 дугаартай ажлын даалгаврын дагуу 8081м урттай, UIC 60 зам төмөр бүхий өргөн /1520мм/, нарийн /1435мм/ царигийн тус бүр нэг гол замтай, 5441м урт гүүрэн байгууламжтайгаар баригдахаар төлөвлөж байна.
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу төслийн техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, нийт 10 компани оролцсоноос 5 компани тендерийн материал ирүүлж, Хятадын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК шалгарсан.
Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлын явц нийт 15 хувийн гүйцэтгэлтэй, гэрээний дагуу төслийн техник, эдийн засгийн үндэслэл, иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг 2023 онд багтаан дуусгаж, барилга угсралтын ажлыг 2024 оны 03 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна.
2022 оны 07 дугаар сараас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар экспортын нүүрс тээвэрлэж эхэлсэн. Уг төмөр замын техникийн хүчин чадал жилд 30-50 сая.тн бөгөөд төслийн ажил бүрэн дуусаж, хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор улсын нүүрсний экспортын 55-60 хувийг дангаар бүрдүүлэх боломжтой гэж тооцоолж байгаа юм.