Шүлэг яруу найрагОнцлох

“Улаанбаатар-Олон улсын яруу найргийн форум”- есөн улсын төлөөлөл оролцлоо

Монголын уран зохиолыг олон улсад таниулах, үндэсний утга зохиолоор дамжуулан эх орноо сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Улаанбаатар-Олон улсын яруу найргийн форум”-ыг 05 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

“Улаанбаатар-Олон улсын яруу найргийн форумд 9 улсын 11 яруу найрагч, хэвлэн нийтлэлч, монголын 200 гаруй яруу найрагч, зохиолч, орчуулагч, судлаач, орон нутгийн төлөөлөл  оролцон  “Өнөө үе ба яруу найраг”  хэлэлцүүлэг, “Уран зохиолын хамтын ажиллагаа” орчуулгын семинар, “Олон хэлний найрсал”  яруу найргийн уншлагыг амжилттай зохион байгуулан, харилцан туршлага судаллаа. Хэлэлцүүлгийн үеэр франц хэлээр Парист хэвлэгдсэн “Жентаюу”, хятад хэлээр хэвлэгдсэн “Монголын яруу найраг”, казак хэлээр хэвлэгдсэн “Монголын яруу найраг” зэрэг антологиуд танилцуулагдаж, Испанийн Мадрид хотод Монгол-Испаний яруу найргийн антологи 2024 онд хэвлэгдэх санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.

 Олон улсын яруу найргийн форумын үеэр монголын болон олон улсын яруу найрагчдын 38 шүлэг, яруу найраг харилцан орчуулагдан, Израйл улсын Яруу найрагч, профессор, нэрт архитекторч Хайм Дотоны “Манантай тэврэлдэхүй”, Бангладеш улсын яруу найрагч орчуулагч, хэвлэн нийтлэгч Аминур Рахманы “Тэнгэрт хүртэл сунасан зам” номын нээлт амжилттай болов.  

 Ташрамд сонирхуулахад, Израйл улсын яруу найрагч Хайм Дотон нь мөн архитектурч бөгөөд түүний томоохон бүтээлээс нь дурдвал дэлхийн хамгийн сүрлэг 11 гүүрний нэг болох хамгийн урт, хамгийн өндөрт баригдсан  уншигчдын мэдэх Аватар киноны шилэн гүүр юм. Тэрээр Шанхайн Фүдон их сургуулийн Дүрслэх урлагийн сургуульд багшилдаг ба яруу найргийн “Борооны дараа”, “Говийн цуурай” зэрэг номууд нь дэлхийн хэд хэдэн хэлнээ хэвлэгджээ.

Монголын утга зохиолыг гадаадын улс орнуудад орчуулан хүргэх, дэлхийн сонгодог бүтээлүүдийг монголчуудад шинээр таниулахад нэн тэргүүнд утга зохиолын мэргэжлийн орчуулагч, мэргэжлийн судлаачдыг үе шаттайгаар бэлтгэх шаардлага байгаа ба цаашид мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхэд бодлогоор дэмжиж, зохиолч, яруу найрагчдын уран бүтээлийг Монгол улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд түгээн дэлгэрүүлэхэд анхаарал хандуулна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close