Амгалан амаржих газарт ходоод, улаан хоолой, дурангийн оношлогоо хийж эхэллээ
“Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь тусламж, үйлчилгээний нэр, төрлөө нэмэгдүүлж 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэсний дурангийн оношлогоог хийж байна.
Тухайлбал, тус эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих төв”-д ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх өндөр хүчин чадал бүхий олон үйлдэлт дурангийн иж бүрдэл, автомат угаалга, ариутгалын машинаар тоноглогдсон кабинетийг байгуулж, мэргэжлийн баг бүрэлдэхүүн эрт илрүүлэг шинжилгээг хийж эхэлжээ.
Манай улсад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл өндөр байдаг бөгөөд энэхүү өвчлөлийг эрт хугацаанд нь илрүүлэх ажилд “Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг ийнхүү нэгдэн ажиллаж буй юм.
Түүнчлэн тус эмнэлэг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд ЭМЯ-ны “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношлогоог зохион байгуулах” ажлыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн амжилттай зохион байгуулж ажилласан билээ.