Гадаад харилцааӨв соёлОнцлох

Эрмитаж дахь Хүннүгийн үеийн олдворуудаа авах хүсэлтээ илэрхийлэв

Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Шинжлэх ухааны болон Эрмитаж музейн төлөөллүүдийг Соёлын яаманд /2023.04.20/ хүлээн авч уулзлаа. Тэдгээр төлөөлөгчид нь Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Монголчуудын соёлын өв” эрдэм шинжилгээний олон улсын хуралд оролцохоор ирсэн бөгөөд Оросын экспедицийн Монгол дахь үйл ажиллагааны нөлөөгөөр ОХУ-руу гарсан Хүннүгийн үед хамаарах олдворуудтай шууд харьцаж, судлан шинжилдэг юм.

Иймд, Соёлын сайд Ч.Номин тэднийг хүлээн авч уулзаад, Монголчуудын түүхэнд холбогдох соёлын өвийг судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж буйд талархал илэрхийлээд, Монголын газар нутгаас олдсон өөрсдийн түүхэнд холбогдох олдвор, өвүүдийг авах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

Мөн Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимова нарын байгуулсан хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музей, “Эрмитаж” улсын музей хоорондоо шууд харилцах, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, ном бүтээл туурвих боломжтой болсон.

Тиймээс энэ хамтын ажиллагаанд суурилан Монголын нутгаас буюу “Ноён” уулаас олдсон Хүннүгийн үеийн олдвор, эд өлгийн зүйлсийг хамтран судлах, “Эрмитаж” музейн сан хөмрөгт байлгах бус байнгын үзэсгэлэн гаргах, Монгол Улсад хамтарсан үзэсгэлэн гаргах, үзмэрүүдийг эргүүлэн авах зэрэг ажлыг хийж эхлүүлэх хүсэлтээ илэрхийллээ.  Бусадтай хуваалцах

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close