НийслэлFocus

“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” уулзалт боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласны хүрээнд Улаанбаатар хотын цахим шилжилтийг эрчимжүүлж, авлига, хүнд суртлыг арилгах чиглэлээр үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж буй. Үүнтэй холбоотойгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), НЗДТГ хамтран “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сэдэвт цуврал уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар, ЦХХХЯ, НЗДТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар дүүргүүд дэх төрийн албан хаагчид, хороодын хэсгийн ахлагч нартай санал солилцох зорилгоор тус уулзалтыг хийж байна.Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар оролцлоо.

Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл цахим шилжилтийн хүрээнд дүүрэгт хийж, хэрэгжүүлж буй ажил, төлөвлөгөөг танилцуулав. Тэрбээр “Иргэдийн амьдрах аюулгүй орчинг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн газар нутгийг камерын хяналтад бүрэн оруулахаар зорьж байгаа. Эхний ээлжид дүүргийн 3, 4, 5, 6, 10, 12 дугаар хороог камержуулж, Нэгдсэн төвд 24 цагаар хянадаг боллоо. Түүнчлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Нэг цэгийн үйлчилгээний төвийн тоог дөрөв болгон нэмлээ. Ингэснээр иргэд хотын төв рүү явалгүйгээр өөрт ойрхон байршлаас төрийн бүх төрлийн үйлчилгээг авах боломж бүрдсэн. Мөн Газрын албанаас иргэдэд үзүүлдэг 44 төрлийн үйлчилгээний 35-ыг нь цахимаар хүргэдэг боллоо” хэмээсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд салбар бүрд хийж буй цахим шилжилтийг танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотыг авлигаас ангид байлгах, зардал чирэгдлийг бууруулах, төрийн хүнд суртлыг багасгах чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд “Онлайн бизнес төв”, “E-School” систем, хэсгийн ахлагч нарын систем, өрхийн эмнэлгийн цаг захиалах систем, “UB map” газрын зургийн систем зэрэг томоохон төслүүдийг эхлүүлээд байна. Бид Улаанбаатарыг дижитал хот болгох томоохон зорилго тавин ажиллаж байгаа. Нийслэлд ажилладаг төрийн 48 мянган албан хаагчийн ажлын ачааллыг бууруулах, хялбаршуулах, бүтээмжийг нэмэхээс гадна хүнд суртлыг багасган, бүх үйл ажиллагааг ил тод, шилэн болгох хэрэгтэй” хэмээв.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газрын “5Ш” ажиллагааны үндэс суурь “Шилэн” байхаас эхэлнэ гэдгийг тодотгож, “Шилэн төр, цахим шилжилт”-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн онцлох ажлуудаа танилцуулав. Тэрбээр “Чингэлтэй дүүрэг хорооддоо ногоон байгууламжийн хяналтын удирдлагын системийг хамгийн хямд зардлаар суурилуулж, үргүй зардлыг бодитоор бууруулсан нь сайшаалтай. Мөн энэ ажлын үр дүнд тухайн бүсэд гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс буурсан сайн мэдээ байна. Энэ мэт ажлыг бусад дүүрэгт хэрэгжүүлбэл нийслэлийн хэмжээнд үр дүнгээ өгөх чухал ач холбогдолтой” гэсэн юм.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, үйлчилгээнийх нь хүртээмжийг нэмэх, бизнес эрхлэх орчныг сайжруулж, тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг цахимжуулах чиглэлээр хийж буй “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сэдэвт уулзалтыг Баянзүрх дүүрэгт зохион байгуулсан билээ. Цаашид уг уулзалтыг дүүрэг бүрд зохион байгуулна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close