Түймрийг хяналтад авч, тархалтыг зогсоогоод байна
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т дөрөвдүгээр сарын 08-ны өдөр гарсан хээрийн түймрийг хяналтад авч, тархалтыг зогсоогоод байна.
Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан ОБЕГын харьяа Үндэсний аврах бригад, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Дорнод, Сүхбаатар аймгуудийн Хилийн цэргийн ангиуд, Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гишүүд, иргэдийн нийт 200 гаруй хүн, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Өнгөрсөн шөнө түймрийн голомтод салхи, шуурга ихтэй ч агаарын температур хүйтэн хоносон. Энэхүү цаг агаарын нөхцөл байдлыг ашиглаж, түймрийн голомтыг хязгаарлах, хумих ажлуудыг зохион байгуулж, түймрийг хяналтандаа авлаа.
Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүргийн дагуу ЦУОШГ, Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, аймгийн Байгаль орчны газар, аймгийн Онцгой комиссоос урьдчилсан экспедицийг гаргаж, Халх гол, Нөмрөг орчимд байрлуулсан. Мөн энэ хугацаанд үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулснаар Халхголын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр, маргааш зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи шуургатай, түймрийн эрсдэл өндөр хэвээр байгаа тул хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.