БНСУ-аар дамжин өнгөрөх тохиолдолд 30 хоног визгүй байсныг сэргээхийг хүсэв
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Чо Ён Мэн-тэй аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар /2023.04.07/ санал солилцлоо.
Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны долоодугаар сарын 09-10-нд Монгол Улсад болох Эдийн засгийн форумд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын Сайд болон аялал жуулчлалын салбарын бизнесийн төлөөллийг урилаа. Дэд сайд Чо Ён Мэн урилгыг уламжлахын зэрэгцээ, эдийн засгийн форумаар хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэх, түншлэлийг өргөжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар байр сууриа илэрхийлнэ гэв.
Хоёр талын уулзалтаар БНСУ болон Монгол Улс хоорондын аялал жуулчлалын түншлэлийг цар тахлын өмнөх хэмжээнд аваачих, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ковид цар тахлаас үүдэлтэй эрүүл мэнд-аялал жуулчлалын салбарын хүрээнд санал солилцлоо.
Монгол Улсын талаас Ян Ян олон улсын боомтоор зорчих Монгол Улсын нислэгүүдийг сэргээх, Намянжү хотод байрлах Монголын соёл, аялал жуулчлалын төвийг ажиллуулах, АНУ, Австрали, Япон улс гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад Монгол Улсын иргэд зорчихдоо БНСУ-аар дамжин өнгөрөх тохиолдолд 30 хоног визгүй байсныг эргээн сэргээхийг хүслээ.
БНСУ-ын талаас хямд өртөг бүхий авиа компаниуд нислэгийн тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын хамтын ажиллагааны хүрээнд казино болон бооцоот морин уралдааны эрх зүйн орчин Монгол Улсад бүрдэж байгаатай холбогдуулан тодорхой хөрөнгө оруулагч, сонирхогчдын уулзалтыг хийхэд хамтран ажиллах саналыг хэллээ.
БНСУ-ын талаас 2023, 2024 оныг Солонгост зочлох жил болгон зарласан ба хамтран ажиллахыг хүслээ. Аялал жуулчлал хүний нөөцийн хувьд дутмаг байгаа. Хүний нөөцийн тал дээр хамтран ажиллах шаардлага дэлхий нийтээр үүсээд байгааг мөн онцолж байв.
Эх сурвалж :БОАЖЯ