НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран ажиллана
ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас НҮБ-ын зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн хар тамхитай тэмцэх албан төлөөлөгчдийг /2023.04.04/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ГЕГ-ын зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд, НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хилийн удирдлагын хөтөлбөрийн зохицуулагч П.Валентина, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн шинжээч П.Лорензо, авлигын асуудал эрхэлсэн зөвлөх В.Анника болон бусад албаныхан оролцлоо.
Уулзалтаар үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, хар тамхи мансууруулах бодистой тэмцэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр гаалийн байгууллагын алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах талаар харилцан санал солилцсон.
Түүнчлэн ховордсон ан амьтан, терроризмыг санхүүжүүлэх, үндэстэн дамнасан гэмт хэрэг, худалдааны луйвартай тэмцэх чиглэлээр Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай мэдээлэл солилцож ажиллахаар боллоо.