ЭМЯОнцлох

ХХБ-тай эмч, эмнэлгийн ажиллагсад ипотекийн зээлд эхэлж хамрагдах гэрээ байгууллаа

Эрүүл мэндийн яам банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банктай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, гүйцэтгэх захирлын орлогч П.Мөнхнаст нар гарын үсэг зурж баталгаажуулсан Санамж бичгийн хүрээнд эрүүл мэндийн салбарын эмч, ажиллагсдыг орон сууцны зээлд хамруулах асуудлыг хамтран шийдвэрлэх өөрөөр хэлбэл, ипотекийн зээл авахаар хандсан хүмүүсийн хүсэлтийг дараалал харгалзахгүй тэргүүн ээлжинд хүлээж авч шийдвэрлэж байхаар болж буй юм.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн салбар 56 мянга шахам ажиллагсадтай. Тэдгээрийн дийлэнх нь бага албан тушаалын, цалин багатай үйлчилгээний ажиллагсад байдаг учраас орон сууцны зээлд хамруулах нь нэн чухал байгаа юм. Тиймээс Худалдаа, хөгжлийн банкинд хүсэлт тавьж, удирдлагын түвшинд уулзалт хийж өмнө хэрэгжиж байсан орон сууцны хөтөлбөрийн үргэлжлүүлэх санал тавьсан юм. Банкны зүгээс бидний саналыг хүлээн авч хамтран ажиллахаар болсонд талархаж байна” гээд цаашид банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээнд эрүүл мэндийн салбарынхныг хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах боломжийг судалж үзэхийг хүссэн юм.

 Худалдаа, хөгжлийн банкны хувьд Ковид-19 цар тахлын хүнд хэцүү цаг үед эрүүл мэндийн салбарыг онцгойлон дэмжих бодлогоор өөрсдөө санал тавьж эмч, эмнэлгийн ажиллагсдыг орон сууцны зээлд дараалал харгалзахгүй хамруулах хамтын ажиллагааг эхлүүлж байсан. Энэ хүрээнд 400 шахам хүнд 30 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон гэдгийг банкны удирдлагууд танилцуулж байсан.

Ийм үр дүнтэй байсан хөтөлбөрийг үргэлжлүүлэх Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн саналыг дэмжиж Санамж бичгийг хоёр жилийн хугацаатай байгуулж буйг ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон онцолсон бөгөөд энэ хугацаанд банк нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт ажилтнуудад банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд илүү хүртээмжтэй байдлаар хамруулах замаар тэдний нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх,  Эрүүл мэндийн яам нь энэхүү санаачилгыг дэмжин салбарын ажилтнууддаа мэдээлэл хүргүүлж, санхүүгийн үйлчилгээ авах боломжоор ханган хамтран ажиллах үүрэг хүлээж буй юм.


Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close