Гадаад харилцааFocus

Ц.Пүрэвсүрэн профессорт Япон Улсын Засгийн газрын одон гардуулав

Японы Элчин сайдын өргөөнд Монгол Улсын Эрдмийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал асан, Хүмүүнлэгийн их сургуулийн магистр, докторын сургалтын албаны захирал асан профессор Ц.Пүрэвсүрэнд 2022 оны намрын Япон Улсын Засгийн газраас Гадаад иргэдэд олгодог одон гардуулах /2023.03.27/ ёслолын арга хэмжээ болов.

Ц.Пүрэвсүрэн профессорт “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг Япон, Монголын эрдэм шинжилгээний харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн олгов.

Элчин сайд Х.Кобаяши Ц.Пүрэвсүрэн багшийн одон хүртэх болсон тухайд ” Өнөөдрийг хүртэлх олон жил Хүмүүнлэгийн их сургууль, Эрдмийн их сургууль, Монголын Үндэсний их сургуульд япон хэлний багшаар ажиллахдаа олон шавь нарыг төрүүлсний зэрэгцээ олон тооны эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэний хамт, судалгааны илтгэл тавьж ирсэн.

Монголын Япон хэлний багш нарын холбооны дэд тэргүүн, Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн удирдах зөвлөлийн даргаар ажиллан, Монгол дахь япон хэлний боловсролыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан” зэргийг онцоллоо.

Мөн тэрээр Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 ой болоод Япон, Монголын Хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил тохиосон 2022 онд япон хэлний боловсролоор дамжин хүүхэд, залуучуудын харилцан ойлголцол, солилцоог дэмжихэд хувь нэмрээ оруулж ирсэн Ц.Пүрэвсүрэн багшид одон гардуулах болсон нь нүдээ олсон шийдвэр гэдгийг онцлон дурдаж, түүнд одонг үнэмлэхийн хамт гардууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close