Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Төрийн албаны тухай хуульд нэмэлт орруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Ж.Батжаргал, Ц.Идэрбат нараас Улсын Их Хуралд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэн баталсан.
Хууль батлагдсанаар сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдыг тасралтгүй, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор төрийн захиргааны байгууллагын орон нутгийн нэмэгдэл буюу таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгодог болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.
Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2024 оны 01 дүгээр 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
Улсын Их Хурлын Тамгын газар