Эдийн засаг

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Хууль батлагдсанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэх этгээд нь хуулийн этгээд буюу барьцаалан зээлдүүлэх газар, хувь хүн буюу байнга ашиг олох зорилгоор зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхлэх иргэн гэсэн төрөлтэй байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан бол харьяалах бүртгэх байгууллагад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулах юм.

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэний мөнгөн хөрөнгийн хэмжээ, хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь хамгийн багадаа 10 000 000 төгрөг, түүнээс багагүй байх бөгөөд мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зориулсан банкны харилцах данстай байх, татвар төлөгчөөр бүртгүүлсэн байхыг шаардах юм.

Нэгэнт бүртгэлд бүртгүүлээд үйл ажиллагаагаа эхэлсэн бол тодорхой хугацааны дараа дахин сунгуулах асуудал үүсэхгүйгээр хуульчилсан бөгөөд харин хуурамч баримт бичиг ашиглан бүртгүүлсэн нь тогтоогдсон, хуульд заасан шаардлагыг хангахгүй болсон, хориглосон үйл ажиллагааг хоёр ба түүнээс дээш удаа явуулсан, үйл ажиллагаагаа зургаан сараас дээш хугацаагаар тасралтгүй явуулаагүй зэрэг шалтгаанаар бүртгэлийг цуцалж, хүчингүй болгох юм.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэх этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдах үүрэгтэй бөгөөд хууль хүчин төгөлдөр болсноос хойш одоо ажиллаж байгаа барьцаалан зээлдүүлэх газрын холбогдох ажилтан нь 1 жилийн дотор энэ сургалтад үнэ төлбөргүй хамрагдах шилжилтийн зохицуулалтыг тусгаж баталсан.

Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тухайн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, стандартыг хангасан ажлын байртай байх, түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цагдаагийн газрын холбогдох цахим мэдээллийн санд холбогдсон байх шаардлага тавилаа.

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцаа хөрөнгийг зээлдэгчтэй харилцан тохиролцож, бодитой үнэлэх бөгөөд цагдаагийн байгууллагын цахим мэдээллийн санд бүртгэгдсэн сэжиг бүхий эд зүйлсийг аливаа этгээд барьцаанд тавихаар ирсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэх үүрэгтэй байхаар тусгалаа.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийг байгуулан ажиллуулах бөгөөд Зөвлөлийн бүрэлдэхүүнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, цагдаагийн төв байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулахаар тусгалаа.

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь Зөвлөлөөс тогтоосон зээлийн хүүгийн дээд хэмжээг баримталж зээл олгох бөгөөд энэ хэмжээнээс хэтрүүлж зээл олгосон нь тогтоогдвол зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн дүнгээр хүү авах эрхээ алдахаар зохицууллаа.

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж ажиллана.

Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүднээс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хуулийг дагаж мөрдөхөөр баталсан болно.

Улсын Их Хурлын Тамгын газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close