Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Энэ удаагийн хурлаар нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас ашиглалт, засвар үйлчилгээний журам болон Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Тодруулбал, Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас ашиглалт, засвар үйлчилгээний журамд өөрчлөлт оруулах төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулсан.
Уг журамд нэмэлт өөрчлөлт оруулснаар инженерийн бэлтгэл арга хэмжээний усны барилга байгууламж нийслэлийн бусад барилга байгууламж, гудамж, талбайтай уялдан үзэмж бүхий орчны тохижилттой болох, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжрах зэрэг давуу талтайг энэ үеэр онцолсон.
Түүнчлэн Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэв. Тус байгууллага нь одоогоор 139 инженер, техникийн ажилтан, албан хаагчтай бөгөөд үерийн хамгаалалтын барилга байгууламж, зам талбайн борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ, хөрсний усны хяналтын цооногийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг. Эдгээр чиг үүргийн хүрээнд 14 ажлын байранд хөдөлмөрийн хэвийн, хортой нөхцөлийн зэрэг тогтоох талаар уг дүрэмд тусгажээ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар мөн эзэнгүй муур, нохойн тоо толгойг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээг хэлэлцлээ. Тодруулбал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг нэмэх асуудлыг хөндсөн.
Өнгөрсөн оны эхний хагасын байдлаар нохойд хүн болон мал хазуулсан 3169 тохиолдол гарсан бөгөөд энэ нь гэр хорооллын айл өрхүүд нохойгоо сул тавьдаг, гөлөгнүүдийг төөрүүлдэг зэргээс үүдэн золбин нохой, муур олшрох, улмаар олноор үржиж буйтай холбоотой аж.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн золбин муур, нохойг буудаж устгах бус, үржил хязгаарлах мэс ажилбар хийх, засах нь өнөөгийн нөхцөлд тохиромжтойг онцлов.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нэгэнт эзэнгүй болсон, золбин нохдыг буудах, эсвэл унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаас өөр аргагүй. Устгасан нохойны сэг зэмийг хэрхэх вэ гэдэг асуудал гарч буй тул бордоо хийхээр хувийн хэвшилтэй хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, Орхон аймагт үржил хязгаарлах мэс ажилбар хийснээр золбин нохойны тоо толгой тодорхой хэмжээгээр буурсан эерэг үр дүн гарсан. Тиймээс эхний ээлжинд эзэнтэй бүх нохойг бүртгэлжүүлэн, кодлохоор үнийн судалгааг хийж байгаа.
Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Хөдөө аж ахуйн газар болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран энэ оноос золбин нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийж эхлэхээр төлөвлөж байна” хэмээсэн юм. Мөн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдвал эзэнтэй нохдын эздэд хариуцлага тооцох боломжтой болно гэдгийг УБЗАА-наас хэлж байв.
Энэ удаагийн хуралдаанаар эдгээр асуудлыг хэлэлцэн тогтоолын төслөөр баталж, НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр болов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС