Цэвэр агаар-Дээд түвшний уулзалт эхэллээ
Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, хамтран зохион байгуулагчаар Зүүн Хойд Азийн Цэвэр Агаарын Түншлэл (NEACAP) болон Зүүн Азийн Хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээ (EANET) ажиллаж Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. Чуулганд 53 орны 200 гаруй төлөөлөгч оролцож байна.
Агаарын бохирдол нь хүний эрүүл мэнд, экосистемд ихээхэн нөлөөлдөг бөгөөд хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байна. ДЭМБ-аас 2021 онд шинэчлэн гаргасан Агаарын чанарыг үнэлэх аргачилсан зааварт дурдсанаар гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх судас, амьсгалын замын өвчлөлтэй холбоотой 7 сая нас баралт жил бүр бүртгэгдэж байна. Эдгээр нас баралтын дийлэнх нь (2/3) нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун бүс нутагт бүртгэгдсэн нь эдгээр бүс нутгийн эдийн засаг, аж үйлдвэр, хот суурин газрын хурдацтай өсөлттэй холбоотой байгааг ДЭМБ-аас тогтоосон байна.
Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт, хурдацтай хотжилттой холбоотойгоор агаарын бохирдол эрс нэмэгдсээр байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын гишүүн орнууд АНДЭЗНК-ын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар чуулганаар агаарын чанарын менежментийг сайжруулах, агаарын чанарын хяналтыг хөнгөвчлөх, нээлттэй мэдээлэл солилцох, сайн туршлага солилцох, чадавхыг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлуудыг хамарсан Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан.
Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг дэмжих үүднээс Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөр нь одоо байгаа олон талт хамтын ажиллагааны санаачилга, тэдгээрийн холбогдох шинжлэх ухааны хороодыг бэхжүүлэх, ашиглах шаардлагатайг онцолсон.
Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөр нь шинжлэх ухаан, техникийн үйл ажиллагаанд салбарын экспертүүдийг оролцуулсан Техникийн ажлыг хэсгээр дамжуулан үндсэн оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэхийг зөвлөсөн.
Үүнтэй холбоотойгоор, тус чуулга уулзалт нь хамтын ажиллагааны чиглэл, хэлбэрийг улам боловсронгуй болгох, дэд бүсийн санаачилгуудын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, мэдлэг, ур чадварын суурийг бий болгох замаар Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.