Соёлын салбарт Польш улстай хамтран ажиллана
Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойкогхүлээн авч уулзлаа.
Талууд хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, сонгодог урлаг, кино урлаг, соёлын өвийн хамтарсан судалгаа шинжилгээг өргөжүүлэн ажиллахаар ярилцав.
Тухайлбал, ноён Элчин сайд Кшиштоф Бойко түүхэн архивын баримтын хамтарсан судалгаа хийж, үзэсгэлэн гаргах тухай санал тавьсныг Соёлын сайд Ч.Номин хүлээн авч, үзэсгэлэнг 2024 онд багтаан гаргахаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлцгээв.
Мөн Монгол Улсад Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдаж, гадаадын кино уран бүтээлчидтэй хамтран ажиллах таатай боломж бүрдсэн тул хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан кино бүтээлийг бодлогоор дэмжих талаар ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны дунд уламжлал болгон зохион байгууллагддаг байсан жаазз хөгжмийн хамтлагийн хамтарсан тоглолтыг орчин цагтай нийцүүлсэн өнгө аясаар сэргээн тоглуулах, харилцан туршлага солилцох асуудлаар ярилцав.