“Чингис хаан” үндэсний музей ОХУ-ын “Эрмитаж” музейтэй хамтран ажиллана
Соёлын сайд Ч.Номин болон ОХУ-ын Соёлын сайд Любимова Ольга Борисовна нарын үзэглэсэн (2021.12.17-нд) хоёр улсын Соёлын яам хооронд 2024 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музей-“Эрмитаж” улсын музей хооронд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Гэрээг “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллах үеэрээ байгуулсан бөгөөд энэ нь тус музейтай албан ёсоор байгуулж буй анхны гэрээ болж байна. Мөн “Оросын Угсаатны музей”, “Дорно дахины ард түмний урлагийн музей”, “Их Петр хааны нэрэмжит Угсаатан, хүн судлалын музей”, “ШУА-ийн дорно дахины гар бичмэлийн хүрээлэн”-тэй хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулав.
Гэрээнд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, эрдэм шинжилгээний болон судалгааны бүтээл туурвих, мэргэжилтэн солилцох, бэлтгэх асуудлыг багтаасан байна. Тухайлбал, “Монголчуудын соёлын өв, архивын баримт, гар бичмэлийн цуглуулга” олон улсын хурлыг энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсад, арваннэгдүгээр сард Санкт-Петербург хотноо “Ноён уулын малтлагын 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал”-ыг зохион байгуулахаар болов.
Ташрамд дурдахад, “Эрмитаж” улсын музейн сан хөмрөгт Монголын холбоотой баялаг дурсгал хадгалагдаж байдаг бөгөөд:
· “Эрмитаж дахь Ноён уулын дурсгал”,
· “Эрмитаж дахь Хархорум хотын өв”,
· “Эрмитаж дахь Бурханы шашны өв”,
· “Эрмитаж дахь Монголын эзэнт гүрний өв” гэсэн нийт дөрвөн боть бүтээлийг өнөөдрийн байдлаар хэвлэн нийтлүүлээд байна. Мөн энэ онд дахин нэг боть бүтээл хэвлүүлэхээр ажиллаж байгаа юм. Эдгээр дурсгалууд нь урд өмнө цогцоороо хэвлэн нийтлэгдээгүй бөгөөд анх удаагаа эрдэм судалгаа, танин мэдэхүйн хэрэгцээнд зориулж нийтлэгджээ.