“Уул уурхайн салбар 100 жилийн ой” баярын хурал боллоо
Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тэртээ 1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн болгох Ардын Засгийн газрын шийдвэр гарснаар Уул уурхайн салбарын түүхэн хуудас эхэлсэн гэж үздэг. Салбарын анхны эрх зүйн баримт бичиг болох “Уул уурхайн дүрэм”-ийг 1923 онд баталснаар ашигт малтмал эрэх, хайх, олборлох явдлыг журамласан түүхтэй.
Уул уурхайн салбар өнөөдөр эрэл, хайгуулын үе шатнаас олборлолт, баяжуулалт, боловсруулалтын шатанд хүртэл орчин үеийн шинэлэг технологи нэвтрүүлж, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлон улсынхаа эдийн засгийн гол тулгуур салбар нь болсон.
Уул уурхайн салбар улсын төсвийн нийт орлогын гуравны нэгийг дангаараа бүрдүүлж, 60 гаруй мянган ажлын байр бий болгосон, улс орны эдийн засгийн хүнд цаг үеийг нуруундаа үүрч, нийгмийн хариуцлагын том үлгэр үзүүлэгч болон хөгжсөөр ирсэн.
Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээлцсэн нийт уурхайчдад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.
Уул уурхайн салбарын 100 жилийн ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчдын төлөөлөл оролцлоо.