Ипотекийн зээлийн хүүгийн асуудлыг Засгийн газарт удахгүй танилцуулна
Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн хүүг бууруулах, урьдчилгаа төлбөрийг 20 хувьд хүргэх бүрэн боломжтой талаар ажлын хэсгийн дүгнэлтийг өнгөрсөн оны 12 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулсан.
Түүнчлэн Шадар сайдын зүгээс “Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн хууль бусаар ашиглах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, инфляц, төгрөгийн ханшийг барьж чадаагүй хэмээн үзэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг огцруулж, АТГ-т шалгуулахаар болсон” талаараа мэдээлэл хийсэн.
Манай улс өнөөдрийн байдлаар 109048 иргэнд 6.3 их наяд төгрөгийн орон сууцны зээл олгожээ. Үүний 64220 нь найман хувийн хүүтэй зээлд хамрагджээ. Эдгээр иргэдийн зээлийг зургаан хувь рүү шилжүүлэх боломжтой гэсэн дүгэнэлт ч гарсан гэдгийг Шадар сайд танилцуулж байсан.
Тэгвэл Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ тухай ярьжээ. Тэрээр “Ерөнхий сайд энэ асуудлыг судалж танилцуулах чиглэл өгсөн. Удахгүй Засгийн газраар яригдах байх. Ирэх жилүүдэд ипотекийн зээл олголтыг өмнөх жилүүдээс бууруулахгүй байхаар төлөвлөж байна” гэжээ.