Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын хамтаар Монголбанкны удирдлагуудтай уулзаж /2023.01.24/ үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарим чиглэлийг өглөө.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал гэдгийг сануулаад эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулганд танилцуулах чиглэл өглөө. Түүнчлэн экспортыг дэмжих замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, цаашлаад үнийн өсөлт, инфляцийг сааруулах боломжтойг дурдаад Монголбанкны энэ оны бодлого, хөтөлбөрүүд экспортыг дэмжихэд чиглэх хэрэгтэй гэдгийг сануулав.
Тэрбээр, дэлхийн эдийн засгийн төлөв байдалд зарим эерэг өөрчлөлтүүд гарч байна. БНХАУ цар тахлын хязгаарлалтын бодлогоо өөрчилсөн. Үүнтэй уялдаатайгаар Монголбанк энэ оны эдийн засгийн гол төсөөллүүдээ яаралтай шинэчилж танилцуулах хэрэгтэй хэмээгээд бодлогын зорилтоо экспортыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх замаар иргэдийн бухимдлын үндэс болоод байгаа үнийн өсөлтийг хязгаарлах шаардлагатай байгааг онцолсон.
Мөн цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт туссан ажлын байрыг хадгалж, экспортыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн зарцуулалтад хяналт тавих ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө.
Үүнээс гадна Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилт буюу арилжааны банкуудыг нээлттэй хувьцаат компани болгох замаар олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх үйл явцад анхаарч ажиллахыг сануулаад Монголбанк, удирдлагын баг бүхэлдээ сахилга хариуцлагаа сайжруулахыг анхаарууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.