НийтлэлWorldОнцлох

Дэлхий цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжиж байна, харин бид…

2022 оны дэлхийн нүүрстөрөгчийн төсвийн тайланд дурьдсанаар дэлхийн чулуужсан түлш, цементээс ялгарах нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 1.0%-иар нэмэгдэж, 36.6 тэрбум тонн CO2 (GtCO2) болж дээд хэмжээнд хүрчээ. Манай гараг дээрх нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ хамгийн сүүлд 4 сая гаруй жилийн өмнө өнөөдрийнх шиг өндөр түвшинд байжээ. 

Дэлхийн температурын өсөлт аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.1 хэм байна. Хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдэж байгаа нь дэлхийн температурыг хурдацтай өсөлтөд нөлөөлсөн. Энэ нь эргээд дэлхийн өнцөг булан бүрт гамшигт үзэгдлүүдийг бий болгож, давтамжийг ойртуулж байна. Австрали, АНУ-д урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй хамгийн аймшигтай ойн түймэр асч, царцаа нүүдэллэх болсон. Африк, Ойрхи Дорнод, Ази тивд үр тариа буурч, Антарктид тивд анх удаа 20 хэмээс дээш халсан халууны давалгаа боллоо. Улмаар Арктикийн бүс нутагт мөнх цэвдгийн хайлалтыг нэмэгдүүлж, Гренландын мөсөн бүрхүүл урьд өмнө байгаагүй хурдацтай хайлж, Амазон дахь ойн хомсдол нэмэгдэх зэрэг гамшгийн үр дагаварт хүргэж болзошгүйг эрдэмтэд байнга анхааруулсаар байна. Уур амьсгалын хямрал нь халуун орны шуурга, хар салхи, халууны давалгаа, үер зэрэг цаг агаарын бусад үйл явдлуудыг урьд өмнө байгаагүй хүчтэй, ойр ойрхон болгож байна.

Чулуужсан түлш нь олон улсын харилцаа, геополитикийн хөдөлгөгч хүч байсан үе дуусч магадгүй

Хүн төрөлхтөн анх чулуужсан түлш хэрэглэж эхэлснээр шатамхай түлшний эх үүсвэр нь хямд өртөгтэй эрчим хүчийг ашиглаж, ая тухтай амьдралыг эхлүүлсэн. Улмаар чулуужсан түлшийг хэн ч олборлож, борлуулах чадвартай гэдгийг мэдрүүлж, хэнд хэрэгцээтэй байгаагаар тодорхойлогдсон эрх мэдлийн олон улсын шатлал, тогтолцоог бий болгосон. 20-р зууны эхэн үед Ойрхи Дорнодод нефтийн аж үйлдвэр хөгжиж эхэлснээс хойш чулуужсан түлш олон улсын улс төрд чухал үүрэг гүйцэтгэж, арвин нөөцтэй орнууд олборлолт, үйлдвэрлэл, экспортыг орлогын үндсэн эх үүсвэр болгожээ. Үйлдвэрлэгчид өөрсдийн нөөц бололцоог бусдад түгээж, олон улсын дипломат ажиллагаа, зөөлөн хүчийг өргөжүүлэх хэрэгсэл болгон ашиглах болов.

Чулуужсан түлш, ялангуяа газрын тос нь өнгөрсөн зуунд хүн төрөлхтөний дайн тэмцлийг өдөөсөн. Нефтийн түрэмгийлэл нь өргөн хүрээний судалгаа, мэтгэлцээний сэдэв болж, зарим судлаачид газрын тосны экспортын орлого нь ДНБ-ий 10 хувиас давсан улс орнууд улс хоорондын мөргөлдөөнд өртөх магадлал бусад улс орнуудтай харьцуулахад хоёр дахин их байдаг гэж үздэг. Олон улсын зах зээлийн өсөлт, уналтыг газрын тосны үнэ болон дэлхийн томоохон чулуужсан түлш үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа тодорхойлж байлаа. Тухайлбал, 1973, 1979 оны нефтийн хангамжийн хямрал нь манай дэлхийн зах зээл газрын тосны тогтвортой үйлдвэрлэл, нийлүүлэлтээс хэр хамааралтай болохыг харуулсан. Экспортлогч орнуудад үнийн гэнэтийн өсөлт, үйлдвэрлэл буурах нь дэлхийн нөгөө талд хомсдол үүсгэж, зах зээлийн хямралд хүргэж болзошгүй байсан. 20-р зууны сүүлч, 21-р зууны эхэн үед ажиглагчид чулуужсан түлшний хомсдолд санаа зовж, бид эрчим хүчний өөр эх үүсвэрт шилжихээс өмнө нөөцөө шавхах болно гэж санаа зовж байсан. Гэвч чулуужсан түлш нь олон улсын харилцаа, геополитикийн хөдөлгөгч хүч, нөлөөлөгч байсан үе удахгүй дуусч магадгүй.

Цэвэр эрчим хүч рүү шилжих хувилбар улам бүр бодитой болж байна

Учир нь 2020 оноос сэргээгдэх эрчим хүчний өртөг буурч, ойрын хэдэн арван жилд цэвэр эрчим хүч рүү шилжих хувилбар улам бүр бодитой болж байна. Байгаль орчныг хамгаалах амлалтууд болон сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явц нь дэлхийн эдийн засаг, улс төрийн дэг журмыг тодорхой хэмжээгээр тасалдуулах нь гарцаагүй. Гэхдээ эдгээр геополитикийн өөрчлөлтүүд нь 21-р зууны үндэстэн дамнасан харилцаа, их гүрний статус, нэр хүндийг тодорхойлж магадгүй юм.Одоо энэ шилжилт нь сэргээгдэх эрчим хүчний зардал буурч, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгаатай холбоотойгоор чулуужсан түлшний хомсдол бодит байдал болохоос өмнө эхэлж магадгүй юм.

Энэ өөрчлөлт гарахад дэлхий огт өөр харагдах болно. Илүү цэвэрхэн, гэхдээ эрчим хүчний супер эх үүсвэрээс үүдсэн бас дахин шинэ тулааны шугам болж болзошгүй. Чулуужсан түлш үйлдвэрлэгчдийн үл харагдах нөлөө алга болж, оронд нь шилжилтийн ажлаа эрт эхлүүлж, судалгаа, боловсруулалтад ихээхэн хөрөнгө оруулалт хийж, цэвэр эрчим хүчний чадавхийг бүрдүүлсэн хүмүүсээр солигдох болно. Эрчим хүчний шилжилт бодит бөгөөд манай дэлхийн эрчим хүчний холимог дахь чулуужсан түлшний эзлэх хувь 2018 онд 85% байсан бол 2050 он гэхэд 20-65% болж буурах төлөвтэй байгаа нь улс орнууд чулуужсан түлшнээс хэр хурдан холдохоос шалтгаална. Үүний зэрэгцээ, сэргээгдэх эрчим хүчний дэлхийн эзлэх хувь 2018 онд 5% байсан бол зууны дунд үе гэхэд 60% хүртэл өсөх төлөвтэй байна. Тухайлбал, батерейн хадгалалт, интернет технологи бүхий ухаалаг сүлжээ, хиймэл оюун ухааны хөгжил нь нар, салхи зэрэг илүү найдвартай, үр ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийхэд хүргэж буй. Нэгэн цагт чулуужсан түлш ноёрхож байсан тээвэр, барилга, аж үйлдвэрийн салбар ч мөн адил цахилгаан машин, ногоон барилгын материал гэх мэтээр өөрчлөгдөж байна.

Улс орнууд цэвэр эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаа өргөжүүлж, эдийн засгаа өсгөх боломж дүүрэн байна

Ойрын ирээдүйд эдийн засаг нь чулуужсан түлш экспортлоход түшиглэсэн улс орнууд хамгийн хүнд цохилтод өртөх бөгөөд түлшний импортод найдаж байсан улс орнууд сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлэхэд идэвхтэй хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болно. Нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх хамгийн өндөр чадамжтай улсууд болох Чили, Австрали зэрэг орнууд хангалттай хөрөнгө оруулалт хийвэл сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч цэвэр экспортлогч болох боломжтой. Боливи, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг сэргээгдэх эрчим хүчний технологид шаардлагатай газрын ховор ашигт малтмалаар баялаг бусад улс орнууд дэлхийн ханган нийлүүлэлтийн шинэчилсэн сүлжээний төв болох магадлалтай тул зөв бодлого, тогтолцоог баримталж  эдийн засгаа өсгөх боломж дүүрэн байна.

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг 2019 оны тайландаа эрчим хүчний өөрчлөлтийн геополитик, энэ нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хувьд ямар ач холбогдолтой болохыг судалжээ. Сэргээгдэх эрчим хүч дээр суурилсан эрчим хүчний системд улс орнууд эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаа өргөжүүлж, гадаадын импортоос хамааралтай нөхцөл байдлаа бууруулах боломжтой. Жишээлбэл, Хятад улс цэвэр эрчим хүчний өөр хувилбаруудыг эрэлхийлж, чулуужсан түлшний импортоос хамааралтай байдлаа арилгах зорилт тавьсан. 2017 онд Хятад Улсын цэвэр эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалт нь чулуужсан түлшний импортын зөрүүг 20 орчим хувиар бууруулсан талаар мэдээлэл байна. Цаашдаа ч энэ зөрүү улам бүр ихсэх нь тодорхой. Тэгвэл Исланд Улс нэг хүнд ногдох эрчим хүчнийхээ хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог бөгөөд тус улсын хэрэглэж буй эрчим хүчний 100 хувь нь ногоон, сэргээгдэх эрчим хүч байдаг.

Марокко улс тогтвортой ирээдүйн төлөө урагшилж байна

Марокко улс сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг боловсруулсан бөгөөд одоо суурилагдсан эрчим хүчнийхээ бараг 40 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд 2030 он гэхэд 50 хувиас давах зорилт тавиад байна. Мароккогийн Эрчим хүчний шилжилт, тогтвортой хөгжлийн сайд Др.Лейла Бенали “Бид салхи, нарны эрчим хүч, одоо устөрөгчийн салбарт хамгийн өрсөлдөх чадвартай төслүүдэд оруулсан хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн стратеги болгохоор хичээж байна” гэжээ.

Марокко улсын Нур Уарзазат нарны цогцолбор нь 3000 га талбайг эзэлдэг, 580 МВт-ын хүчин чадалтай, нэг сая өрхийн эрчим хүчний хэрэгцээг хангахуйц дэлхийн хамгийн том төвлөрсөн нарны цахилгаан станц юм.

Монгол шиг орнууд дэлхийн эрчим хүчний шилжилтийн үед хүнд сорилттой тулгарах эрсдэлтэй

Эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ хангах нь баян, ядуу бүх улс орны хүсдэг зүйл. Чулуужсан түлш хэзээ ч улс орнуудыг бие даах боломж олгодоггүй, учир нь тэдгээрийг олборлож болох газарзүйн байршлаас шалтгаалдаг бол сэргээгдэх эрчим хүчийг хаана ч ямар нэг хэлбэрээр авах боломжтой. Тухайн улс орон сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц бий болгож, туршлага солилцох, технологи хөгжих хүртэл гадаадын оролцогчид оролцож, улмаар цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлээрээ бие даах чадвартай болно. АНЭУ, Катар зэрэг баян экспортлогч орнууд эдийн засаг, эрчим хүчний салбараа төрөлжүүлэх цогц бодлогын төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Магадгүй чулуужсан түлшээр ажилладаг эрчим хvчний сүлжээ болон сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгч багатай хувилбарууд давамгайлж байгаа сүлжээ хоёрын хоорондох хамгийн чухал ялгаа нь бие даах бодлого юм.

Харин чулуужсан түлшний экспортоос хамааралтай орнуудын хувьд энэ дүр зураг улам бүр бүрхэг болж байна. Тодруулбал, сул дорой засаглалтай, нэг төрлийн эдийн засагтай, экспортдоо түшиглэдэг манай Монгол шиг орнуудад чулуужсан түлшний олон улсын эрэлт тасралтгүй буурч улмаар улс төрийн тогтворгүй байдал, нийгэмд хагарал үүсгэж болзошгүй юм. Дэлхийн эрчим хүчний шилжилтийн үед улс төрийн хүнд сорилттой тулгарах эрсдэлтэй улс орнууд эдийн засгаа дотооддоо төрөлжүүлэхгүй бол нийгмийн ноцтой үр дагаварт хүрнэ.

Сэргээгдэх эрчим хүч бол бидний сонгох ёстой зам юм

Олон улсын валютын сан (ОУВС) болон Дэлхийн банкны бүлгийн (ДБГ) 2022 оны хаврын уулзалтын үеэр сэргээгдэх эх үүсвэрээр өөрийгөө хангах, эдийн засгийн өсөлтөд хүрэх шинэ замыг нээж буй улс орнууд нэмэгдэж байна. Сүүлийн хэдэн жилд Дэлхийн банк цэвэр эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний хүртээмж, холбогдох дэд бүтцэд 8 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалд хувийн хэвшлийн 20 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийн санхүүжилт нэмэгдэж байгаа бөгөөд хөрөнгө оруулалт нь аль хэдийн 2 тэрбум доллар давжээ. Энэ цаг үед дэлхийг чулуужсан түлшнээс салгах нь үнэхээр хэцүү мэт санагдаж болох ч илүү ногоон ертөнцийг бий болгох, эдийн засаг, уян хатан байдлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай технологи, санхүүгийн хэрэгсэл байна. Тиймээс дэлхий нийтийн эрчим хүчний бодлого, чиг хандлагыг анхааралдаа авч, ирээдүйтэй, илүү цар хүрээтэй, дорвитой бодлого боловсруулах хэрэгтэй байна. Учир нь хүн төрөлхтөн оршин тогтнох дэлхийгээ хамгаалж, хожим биш одоо л хөрөнгө оруулалт хийх цаг ирсэн гэдгийг маш сайн ойлгосон. Харин бид …

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close