Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Сантын даваа” гэдэг газар Хөвсгөл нууран дээгүүр зорчиж явсан “УАЗ-3303” загварын /3 зорчигчтой/ автомашин энэ сарын 03-ны өдрийн 19:30 цагийн орчим мөс цөмөрч тус нууранд живсэн дуудлага тухайн өдрийн 21:30 цагт Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, нуурын эрэгээс 32 метрийн зайд цөмөрсөн автомашинд осолдсон нэрвэгчдийг шумбалт хийж, цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.
Мөн 4 метрийн өргөнтэй 8 метрийн урттай мөсийг гудамлаж, усанд живсэн автомашиныг 5 метрийн гүнээс татан гаргалаа.
Осол болох үед автомашинд 3 иргэн зорчиж явсан бөгөөд 2 иргэн эсэн мэнд гарсан.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.