“Солиот эх” кино Хятадын зах зээлд гарна


“Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэсэн уран сайхны киноны нээлтийг 2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хийж байсан билээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар Н.Онон ажилласан юм.

Тэгвэл уран бүтээлчид өчигдөр БНХАУ-аас шинэ мэдээ ирүүллээ. SCO-н хүрээнд Чиндао хотод зохион байгуулагдаж буй Олон улсын анхдугаар кино наадамд “Солиот эх” кино амжилттай оролцож, Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн энэ үеэр И.Одончимэг Шанхайн олон улсын кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчин болжээ.

1900-аад оны эхэн үеийн монголчуудын амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг тухай өгүүлэх “Солиот эх” уран сайхны кино ийнхүү Хятадын кино театрт гарахаар болжээ.
“Солиот эх” уран сайхны кино өмнө нь Монголын бүх кино театруудаас гадна БНСУ-д гарсан юм.



